Монголын залуучуудыг аялал жуулчлалд өргөнөөр хамруулах, тэдэнд хямд зардлаар, сонирхолтой маршрутаар аялж, мэдлэг мэдээлэл авах боломжийг олгох зорилгоор МЗХ дэргэдээ “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг байгуулан, идэвхтэй ажиллаж эхэлсэн. Энэ төвөөс санаачилан зохион байгуулдаг сонирхолтой аялалуудын нэг нь 2 долоо хоногт нэг удаа болох “Бямбын аялал”юм. Залуучуудад эх оронтойгоо танилцаж, танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл олж авах, мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар хамгийн хямд зардлаар аялах боломж олгодог энэ аялалын ээлжит хуваарь гарчээ. Энэ сарын 25-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших “XIII зуун” цогцолборын чиглэлд аялах “Тата Тунга түшмэл” явган аялал болох юм байна. Тус аялалаар “XIII зуун” цогцолборын 6 отог хооронд явган аялж, 13-р зуунд Монголчууд ямар орчинд хэрхэн амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харж, Монголын Эзэнт гүрний үеийн Монгол хаад, хатадын сүр хүч, жирийн Монголчуудын амьдрал ахуй, тэдний бэлгэдэл, хувцас хэрэглэл, орд өргөөтэй танилцах гэнэ. Мөн энэхүү аялалыг “Номтой нөхөрлье” клубтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эртний бичиг соёлын өв, ном судар бүтээх түүхэн уламжлалтай танилцах, түүнчлэн залуучууд уншсан ном зохиолынхоо талаар ярилцаж сонирхолтой яриа өрнүүлж, бие биенээсээ суралцах давуу талтай гэнэ. Энэхүү аялалд хамрагдахаар бол та МЗХ-ны 207 тоотод ирж бүртгүүлэх эсвэл 320493, 99903166 дугаарын утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.