Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийж газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргаантай асуудлуудыг судлан шийдвэрлэх зорилготой ажлыг хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг өнөөдөр дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн товчооноос баруун тийш Туул гол дагуу зөвшөөрөлгүй буусан иргэдийн хашааг албадан буулгахаар болсон байна.
Учир нь Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 километр авто замын ажлыг “Эсто” компани гүйцэтгэж байгаа бөгөөд компанийн зүгээс түр хашаа барьсан аж. Гэтэл иргэд эл компанитай барьцан зөвшөөрөлгүйгээр бууж, хашаа хатгаж эхэлсэн байна.Тухайн газар нь Туул голын ай сав газар, ундны усны хамгаалалтын бүсэд багтдаг ажээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, ундны усны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан иргэдэд дүүргийн Өмч газрын харилцааны албанаас удаа дараа шаардах хуудас, мэдэгдлийг хүргүүлсэн байна. Гэтэл иргэд үл тоомсорлон олноор бууж, гэрээ барьж эхэлсэн тул албадан буулгах ажиллагааг эхлүүлэхээр боллоо.