МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэрээр анх 94 кг жинтэй байсан бол одоо 64 кг жинтэй болсон гэх бөгөөд биеийн байдал нь цаашид улам доройтох төлөвтэй, яаралтай эмчилгээнд явуулахгүй бол амь насанд нь аюул учирч болзошгүй гэж эмч нарын баг үзсэн байна. Эмч нар түүнийг өвчний учир ялаас чөлөөлүүлэх хүсэлтийг тавдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн боловч хянаж үзээд ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд буцаасан байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн хорих ангийн эмнэлгийн зүгээс ирүүлсэн санал нь журмын шаардлагыг хангаагүй гэж үзсэн билээ. Түүний хувьд цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд жил гаруй хугацаанд хорих ял биечлэн эдлээд байгаа билээ. Саяхан Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржыг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцоход хөтлөгч нар нь "Монгол төрийн тэргүүнийг уучилж, өршөөж болохгүй юу" хэмээн асуусан юм. Энэ асуултад тэрээр "Хуулийн дагуу явах ёстой. Өршөөл, уучлал хүсч байгаа бол өөрөө өргөдлөө бичиж өгөхийг хуульд тусгасан байгаа. Хэрвээ өөрөө бичих боломжгүй гэвэл өмгөөлөгчөөрөө бичүүлээд илгээж болно. Ийм тохиолдолд өршөөл үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Хэрэв хүсэлт гаргаагүй байхад уучлал үзүүлбэл хууль зөрчинө" гэсэн байна. Ямартай ч энэ байдлаас харахад Н.Энхбаяр өршөөл үзүүлэхийг хүссэн хүсэлтээ Монгол Улсын дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан илгээвэл тэрээр өршөөхөд бэлэн байгаа юм байна гэсэн нэгэн бодол төрснийг нуух юун.