Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн хооронд хамтран ажиллах түншлэлийн санамж бичигт БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, Эрхүүгийн Шинжлэх ухааны төвийн дарга Бычков Игорь Вячеславович өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь хоёр талын эрдэм шинжилгээ – судалгаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, ялангуяа харилцан сонирхол бүхий сэдвээр хамтын судалгааг гүнзгийрүүлэх, талуудын шинжлэх ухааны ололтыг ОХУ, Монголын зах зээлд нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм. Хамтын ажиллагаагаа өргөжүүлж дахин хамтран ажиллах болсондоо баяртай байгааг Дэд Сайд Б.Тулга тэмдэглээд ирээдүйд биднийг олон олон үр дүн хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна гэлээ. Өнгөрсөн хугацаанд бидний хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч чадсан. Бидний үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь экологийн боловсрол, ногоон хөгжлийн бодлогод чиглэж байгаа юм. Бид төсөл хөтөлбөрүүдээсээ тодорхой үр дүнг гаргаж олон нийтэд таниулах зорилготой байгаа гэж Эрхүүгийн Шинжлэх ухааны төвийн дарга Бычков Игорь Вячеславович хэлэв. Талууд мэдээлэл, харилцаа холбооны технологи, геохими, геофизик, геодинамик, газрын хагалбар дахь родоны мониторинг хийх, газрын нөхөн сөэргээлт, ус агаарын бохирдлын үнэлгээ, хүнд металлын хуримтлалын бүсийн дүн шинжилгээ, экологийн аудит, хог хаягдал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Санамж бичиг үзэглэсэн өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.