Эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг 6 хувьтай байлгах бодлогыг 2014 онд авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Энэ хүрээнд засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлах бөгөөд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжиж, барилгын материалын импортыг бууруулж, дотоодод үйлдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ удаагийн үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын жагсаалт оруулж ирэлгүй бодлогын шинж чанартай салбаруудын асуудлыг тусган оруулж ирсэн хэмээн сайд хэлсэн.
УИХ-ын гишүүд, тухайлбал, А.Тлейхан, С.Бямбацогт нар, 2014 онд 14 гаруй хувьд хүрэх эдийн засгийн өсөлт ард иргэдийн амжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ хэмээн лавласан. Инфляцийг 6 хувьд хүргэх зорилт хэр боидтой болохыг ч тодруулж байлаа.
Сайд Н.Батбаяр, иргэдийн цалин хөлс нэмэгдэж байгаа хэдий ч, түүнтэй үнийн өсөлт уралдаад байна. Үнийн өсөлт цалингийн өсөлтийг давчихаад байгаа энэ үед Засгийн газраас үнийн өсөлтийг хязгаарлах, ажлын байрыг хангалттай бий болгох, иргэдийн авсан цалин амьдралд нь хүрэлцдэг байх тогтолцоог бий болгох бодлого барьж байна гэлээ. Тэрбээр инфляцийг 6 хувьд хүргэх бололцоотой хэмээн хэлсэн. Үүний тулд төрийн зөв бодлого явуулах учиртайг тэрбээр онцолсон.
УИХ-ын гишүүд аливаа асуудлыг хэрэгжүүлэхдээ хүрэх цэгээ тодорхойлж байж, төсөв мөнгөө хуваарилах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.