logo
Х.Тэмүүжин: Н.Энхбаяр Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй

Х.Тэмүүжин: Н.Энхбаяр Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй

2013/05/24
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд нэлээд ажлууд хийж байна. Харин үүнээс болж танд дарамт шахалтууд их ирж байна уу?

-Их ирдэг. Надад ирсэн захидлуулаас хоёрыг нь л ил болгосон. Н.Энхбаярын гэргий О.Цолмонгоос маш олон заналхийлсэн өнгө, аястай мессежүүд ирсэн. Тэдгээр мессежүүдээс хамгийн энгийн, аймаар биш үгтэйг нь олон нийтэд дэлгэсэн.  Гэхдээ тэр захидлыг ганцхан надад илгээгээгүй юм билээ. “Шударга ёс эвсэл”-ийн удирдлагуудад ч бас тэр мессежээ илгээсэн байсан. Мөн ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяагаас бас захидал ирсэн. Түүний хувьд  “Хордуулж ална, араа харж яваарай” гэх мэт дарамталсан утгатай өгүүлбэр бичсэн нь өөрөө гэмт хэрэг юм. Тухайн захидлын эзэн Н.Нарантуяа гэдэг нь тодорхой болоход миний зүгээс шүүхэд өргөдөл гомдол гаргаагүй. Харин “Энэ хүнийг хуулийн дагуу шалга” гэсэн үүрэг өгсөн. Гэтэл Н.Нарантуяагийн биеийн байдал муу шалтгаанаар би гомдлоо татаж авсан.  Дараа нь Н.Нарантуяа “Намайг шүүхээс гэмт хэрэгтэн биш гэсэн. Би ажлаа хийнэ” хэмээн ордонд ирсэн. Тэр үед нь би “Та төрд ажиллахгүй. Яагаад гэвэл Авилгын эсрэг хуульд зохих ёсоор албан үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг дарамталж, шахах зүй бусаар нөлөөлөх гэсэн хуулийн зөрчил бий. Ийм зөрчил гаргасан хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэж бичсэн байгаа” гэж хэлээд явуулсан. Хэрэв би Н.Нарантуяагийн эсрэг гомдол, өргөдөл гаргасан бол түүнийг Эрүүгийн хуулийн Зандалчлах тухай зүйл ангиар яллах байсан. Энэ зүйл ангид 15 жил хүртэлх хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн байдаг.

- Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж , УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа талаар зарим гишүүд мэдээлэл хийсэн. Танай яамнаас санал авсан байх. Ямар ямар санал хүргүүлэв?

-Өршөөлийн тухай хуульд манай яам саналаа өгсөн. Манай яам энэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ авилгал албан тушаалын, хүүхдийн эсрэг, хар тамхи мансууруулах бодисын, хүн худалдаалсан гэх мэт дөрвөн төрлийн гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнээс бусад гэмт хэргийг өршөөе гэдгээ хэлсэн.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ хуульд хамрагдаж өршөөгдөх болов уу?

-Албан тушаалын гэмт хэргээр сууж байгаа учрааас Н.Энхбаяр Өршөөлийн хуульд  хамрагдах боломжгүй.

- Н.Энхбаярын хэргийг хүнд гэмт хэрэг рүү шилжүүлнэ гээд байгаа шүү дээ?

-Энд хүнд, хөнгөн гэмт хэргийн тухай ярихгүй. Жишээлбэл, хүн худалдаалах гэмт хэрэг хөнгөнөөр зүйлчлэгддэг. Хөнгөнөөр зүйлчлэгдсэн гээд өршөөлд хамрагдаад суллагдана гэж байхгүй. Хэдийгээр энэ хууль батлагдснаар 3000 хүн суллагдана гэж байгаа боловч мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа нь түүнээс ч олон. Энэ хүмүүсийн ихэнх нь суллагдана. Гэтэл эдгээр гэмт этгээдүүд, сэжигтнүүдийн хийсэн хэргийг нотлох гэж, бас баривчлах гэж хууль хяналтын байгууллага, хууль сахиулагчид цаг зав, хөлс хүчээ зардаг. Мөн Төрөөс их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж байна. Энэ их хүч хөдөлмөр юу болох вэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш