logo
Ерөнхийлөгч Замын-Үүдийн түгжрэлийг шийдэж, иргэдээ сонслоо

Ерөнхийлөгч Замын-Үүдийн түгжрэлийг шийдэж, иргэдээ сонслоо

2013/05/25

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орныхоо хамгийн том боомт, импортын гол төв, Замын-Үүдэд өнөөдөр ажиллалаа. Энд асуудал байна. Учир нь хил дээр урд хөршөөс барилгын материал, цемент ачиж ирсэн 800 гаруй машины бөөгнөрөл үүсч Монголын хил давахаар ээлж дарааллаа хүлээн зогсч байгаа аж.

Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох албаны хүмүүстэй уулзаж асуудлыг шийдлээ. Ингэхдээ цемент ачсан машинуудыг нь тусгайлан хил нэвтрүүлэх зарчмаар асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ ажлыг зохион байгуулснаар Замын-Үүд дээрх ачаатай машины бөөгнөрөл тав хоногийн дотор шийдвэрлэгдэхээр боллоо.

Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Дорноговь аймагт жилд 40 тэрбум төгрөг төвлөрдөг бол, Замын-Үүд сумынх 100 тэрбум төгрөгт хүрдэг ажээ. Эдгээр хөрөнгө оруулалтаар 960, 928 хүүхдийн сургууль, цэцэрлэгүүд барьж байгуулан, Замын-Үүд сумыг тойрч гарах хүнд даацын ачааны машины хурдны зам барих гээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд дээр нь юм бичсэн бор цаасыг харан ярьж эхэлсэн нь 2009 сонгуулиар нэр дэвшихдээ амлалтаа тэмдэглэж байсан, мөрийн хөтөлбөр нь ажээ. Тэрээр өгүүлэхдээ “Жишээ нь оюутнуудыг цалинтай болгоно гэж энэ цаасан дээр тэмдэглэж байжээ. Энэ амлалт маань хэрэгжсэн үү” гэж асууж байгаад өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг танилцуулж эхэлсэн юм. Мөн “Ц.Элбэгдорж гэдэг хүн нэр дэвшиж байна гэж бус өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна гэж бодож сонголтоо хийгээрэй. Өөрийгөө бодож саналаа өгөөрэй. Би зөв сонголт хийснээр миний гэр бүлд ямар өөрчлөлт гарах вэ, миний ажиллаж байгаа орчинд ямар эерэг дүн ирэх вэ, манай суманд, аймагт, улс оронд минь ямар хөгжил авч ирэх вэ гэж шат дараалан бодож сонголтоо хийх хэрэгтэй” гэж онцолсон юм.

Уулзалтын үеэр иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Тухайлбал:

Н.Гантөмөр: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орноо Монгол ухаанаар удирддаг

Иргэн Н.Гантөмөр уулзалтын үеэр босч үг хэлэхдээ “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг би Монгол ухаанаар улс орноо удирддаг гэж боддог. Ядаж л гадаад, дотоодод явуулж буй албан бичгийг босоо Монгол бичгээрээ хөрвүүлэн илгээдэг юм билээ. Энэ бол жижиг асуудал биш. Мөн гадаад, дотоодынхны нийлсэн авлигачидтай тэмцэх гэж үйлээ үзэж буйг нь бид харж байна. Монгол малчдын яриа байдаг даа. Хээрийн нохой, гэрийн нохой хоёр нийлбэл гэрийн нохойг нь эхэлж бууд гэдэг. Яагаад гэвэл нохой хэнээс ч айдаггүй. Би Ерөнхийлөгчид ингэж л захимаар байна” гэлээ.

Л.Чулуунхүү: Ерөнхийлөгч та л ахмад дайчдыг төлөөлж чадна

Л.Чулуунхүү хошууч хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ийн захисан юм. Тэрээр “Ахмад дайчдад онцгой анхаарч, онцгой хүндэтгэл үзүүлж байдагт тань бид баяртай байдаг. Дайнд оролцсон ахмад дайчид маань цагийн эрхээр өвгөрч, цөөрч байна. Харин одоо дараагийн үеийн ахмад хилчид, гарч ирлээ. Энэ асуудлыг та л анхааралдаа авч, шийдэж чадна гэдэгт итгэж байна. Жишээ нь миний бие хилийн цэрэгт насаараа ажиллахдаа нэг ч удаа конторт сууж үзээгүй. Энэ амьдралаа Монголын дархан хилийг манахад зориулсан. Ингэж зүтгэсэн миний үеийн хилчдэд хүндэтгэлтэй хандана гэдэгт бид итгэж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та л биднийг төлөөлж чадна” гэсэн.

Ц.Ганзоригт: Замын-Үүдийн иргэдийг газар өмчлөлд хамруулж өгөөрэй

Тэрээр Замын-Үүдийн иргэд Газар өмчлөлийн тухай хуулийн гадна үлдэж байгааг энэ үеэр дурдлаа. Нэмж хэлэхдээ “Хилийн бүсийн нутаг дэвсгэр гэдэг утгаараа Замын-Үүдийн иргэд бид Газар өмчлүүлэх тухай хуулийн гадна үлдчих шиг боллоо. Энэ эрхийг Ерөнхийлөгч та анхааралдаа авч бидэнд туслаарай” хэмээн захиж байсан.

Д.Гомбо: Та дахин сонгогдоод хийсэн ажлуудаа үргэлжлүүлээрэй

Өндөр настан Д.Гомбо гуай үг хэлэхдээ “Ерөнхийлөгч та алдарт эхийн одонтой эхчүүдэд 500 мянгаас нэг сая төгрөг өгөх амлалтаа биелүүлсэн. Одоо сонгогдоод энэ мэт хүн ардад хэрэгтэй ажлуудаа улам сайн хэрэгжүүлээрэй. Түүнээс гадна би С.Зоригийн хэрэг илрэхгүй байгаад сэтгэл эмзэглэж суудаг хүн. Мнай улсад ирээд байгаа Оросын зөн билэгтнээс энэ талаар та нэг асуугаач. Бас өдөр бүр, вагон вагоноор хятад эрчүүд ирж байна. манай охид бүсгүйчүүдийг минь сүйд хийгээд дуусгачихвий дээ. Газар нутагаа гадныхнаас хамгаалж чадаж байгаа танд энэ бүхнийг хэлж, найдахаас өөр арга алга” гэж өгүүллээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүд суманд ийн ажиллаж Сайншанд хот руу хөдөллөө.

П.ХАШ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш