Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар 2013 оныг “Шууд Ардчилал Иргэний Оролцооны Жил” болгон зарласан. Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 10 хороонд “ИРГЭНИЙ ТАНХИМ” байгуулахаар шийдвэрлэн зохих бэлтгэл ажлуудыг хийгээд байна. Энэ удаад дүүргийн 16 дугаар хорооны иргэний танхим нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус танхимын нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Бадарсан болон нар оролцож иргэдтэй санал бодлоо солилцлоо. Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр олон нийтийн оролцоонд тулгуурлан бичил дэд бүтцийг хөгжүүлэх хоёр дахь төслийн хөрөнгөөр энэхүү хорооны “ИРГЭНИЙ ТАНХИМ”-г байгуулжээ. Тус танхим нь байнгын нээлттэй иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж, санал бодлыг сонсч ажиллах юм. Хороодын “ИРГЭНИЙ ТАНХИМ”-ыг түшиглэн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас “”ИРГЭНД ОЙРХОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” сарын аяныг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү аяны хүрээнд “Иргэний танхим”-аараа дамжуулан Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд өдөр тутмын үйл ажиллагаагаа иргэдэд ойртуулж, танд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зөвөлгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулна гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.