Тусгаар тогтносон улсаа харьд төлөөлөн суух учиртай Бүрэн эрхт Элчин сайд эх орныхоо нэр хүндийг шаварт унагалаа гэх таагүй мэдээлэл яг энэ цаг үед хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Тэр хүн бол Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж бөгөөд дансанд нь учир битүүлэг байдлаар шилжин орсон 210 мянган евро түүнийг торны цаана суулгаж мэдэхээр нөхцөл байдалд хүргэж буй юм. Дипломат дугаартай машинаараа тамхи зөөж байгаад саатуулагджээ гэсэн таагүй хэл аманд байсхийгээд л өртчихдөг манай ЭСЯ-ныхан энэ удаад мөнгө угаасан гэх дуулианд нэр холбогдлоо. Тэр ч бүү хэл манай нөлөө бүхий улстөрчид эл хэргийн хамсаатан болж мэдэхээр гэдэг нь хоёр орны харилцаанд сэв суулгаж магадгүй уршигтай юм.
Учир нь, 2009 оноос тус улсад суух Элчин сайдаар томилогдсон гэх энэ эрхмийн дансанд таван удаагийн үйлдлээр 210 мянган евро орсон гэх бөгөөд энэ үйлдлийг тус улсын хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхлэхэд тэрбээр "Энэ бол хэрэгцээний л мөнгө" хэмээн эгдүүцэн хариулсан зэрэг нь Германы тал энэ хэргийг онцгой анхаарч шалгахаас аргагүйд хүрсэн гэх мэдээллийг хэвлэлүүд дуулгаж байгаа юм. Иймээс хоёр улсын харилцаанд асуудал авчирч мэдэхээр нөхцөл байдлыг бий болгоод буй Б.Даваадорж гэж хэн бэ, хэний үед тус улсад суух Элчин сайдаар томилогдсон бэ гэх асуулт яах аргагүй олны анхаарлыг татаж байна. Тиймээс энэ эрхэмтэй холбоотой мэдээллийг шүүв.
2009 он Долдугаар сарын 9, пүрэв гариг. УИХ-ын хаврын ээлжит чуулганы Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан. Тухайн үед тус Байнгын хороог УИХ-ын гишүүн З.Энхболд даргалж байсан бөгөөд яг энэ өдрийн хуралдаанаар гадаад улсад суух Элчин сайдуудыг танилцуулж байжээ. Энэ үеэр мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй Б.Даваадоржийн талаар хэн юу хэлж байсан нь яах аргагүй анхаарал татаж буй юм. Иймээс хурлын тэмдэглэлд юу бичиж үлдээснийг сийрүүлэв.
Энэ хурлын эхэнд тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжав гадаад улсад эх орноо төлөөлөн суух Элчин сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсийг танилцуулсан бөгөөд түүний дотор ХБНГУ-д Элчин сайдаар суух Б.Даваадоржийн нэр байсан.
Танилцуулгын дараа тус Байнгын хорооны дарга З.Энхболд танилцуулгатай холбогдуулж асуух асуулттай гишүүд байна уу гэхэд ганцхан Хүрэлбаатар гишүунд асуулт байсан бөгөөд хурлын протоколд уг асуулт хариултыг ийн сийрүүлжээ. Өчигдөр УИХ-ын гишүүний цахим хаягаар энд нэр нь гараад байгаа Б.Даваадорж гэдэг хүний талаар мэдээлэл ирсэн. Тэрбээр Германд ажиллаж байхдаа ажлын бус цагаар албаны машин унаж яваад хулгайд алдсан. Мөн тамхины наймаа хийдэг, гол нь Германы хамтран ажиллаж байгаа байгууллагуудын дунд нэр хүнд муутай гэж бичсэн байна. Хэрвээ тэр хүн энд байгаа бол энэ асуудалд тайлбар өгмөөр байна. Нэгэнт гадаадад хүн томилж байгаа юм бол нэр хүндтэй хүн байх ёстой. Монгол Улсынхаа нэр төрийг гаргаж чаддаг, тийм хүн байх ёстойгоос бшп янз бүрийн хэл аманд орооцолдсон хүн байх нь онцгүй.
З.Энхболд: Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад С.Батболд сайд эхэлж хариулаад, дараа нь Б Даваадорж хариулъя.
Сү.Батболд: ГХЯ-ынхан Засгийн газар, Ерөнхийлөгчид дипломатуудынхаа асуудлыг судалж байж оруулдаг. Даваадорж мэргэжлийн дипломатч. Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороо, Бонн дахь Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам болон гадаад харилцааны бүхий л чиглэлийн байгууллагад ажиллаж ирсэн мэргэжлийн дипломатч байгаа юм. Ер нь Элчин сайд нарыг томилохтой холбогдуулж байнга ийм яриа гардаг. Бид түүнийг нягталж үздэг. Б.Даваадоржтой холбоотой авто машины асуудал нь даатгалынхаа дагуу төлбөр нь шийдэгдсэн. Энэ хүнтэй холбоогүй. Тамхины тухайд гэвэл ГХЯ Элчин сайд нартай энэ асуудлын хүрээнд цаашдаа анхаарч олон зүйл ярих ёстой байх. Гэхдээ бид тамхитай нэр холбогдсон Элчин сайд битгий хэл дипломат ажилтныг ч томилохгүй байгаа. Яг энэ асуудлын тухайд Австрид ажиллаж байсан Даваадорж гэж хүнтэй андуурсан байна. Тэр хүн энэ салбарт ажиллахгүй байгаа.
Б.Даваадорж: Би ч гэсэн тэр материалыг хүлээж авсан. ХБНГУ-д суугаа монгол иргэдээс гэсэн байна билээ. Тэр машины хувьд С.Батболд сайд хэллээ. Бид хулгайд машинаа алдсан. Хулгайд алдахдаа би өөрөө барьж яваад, паркалчихаад гараад иртэл алга болчихсон байсан. Гэхдээ машинаа буцааж олсон. Даатгалаас мөнгөө аваад алдсан машинаа сайжруулсан. Гэтэл дараа нь танай машиныг олсон авах уу гэсэн. Бид машинаа аваагүй. Тамхины тухайд намайг андуурч ярьдаг юм. 2009 онд болсон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Б.Даваадорж гэж эрхэмтэй холбоотой ийм нэг хэлэлцүүлэг, мэтгэлцээн болж өнгөрчээ. Гэвч тухайн үед салбарын сайдаар өөрийгөө нэр цэвэр хэмээн өмгөөлүүлж байсан Б.Даваадорж мөнгө угаасан хэрэгт холбогдлоо. Бид энэ талаар албаны хүмүүсийн байр суурийг хүргэх болно.