Олон улсын тээврийн форум /ОУТФ/ нь 2006 оны 7 дугаар сард болсон Европын Тээврийн сайд нарын бага хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын дэргэдэх 54 гишүүн улс бүхий засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага ба дэлхийн хэмжээнд тээврийн салбарын стратегийн бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлдэг механизм юм.
ОУТФ-ийн үйл ажиллагаагаа явуулж шийдвэр гаргадаг гол арга хэрэгсэл нь жил бүр зохион байгуулдаг Сайд нарын чуулга уулзалт юм. ОУТФ-ын гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг тэтгэгч, байгаль орчинд ээлтэй, нийгэм болон хүний сайн сайхныг дээдлэгч тээврийг бий болгон хөгжүүлэхэд чиглэсэн дэлхийн хэмжээний бодлогыг боловсруулах явдал юм.
ОУТФ-ын 2013 оны ээлжит чуулган нь “Тээврийг санхүүжүүлэх нь” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд тээврийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой өргөн хүрээтэй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба ялангуяа санхүүжилтийн шинэлэг арга хэлбэрүүд, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ зарчмууд, хувийн хөрөнгө оруулалтыг татах ба дэмжих өвөрмөц аргууд, эдийн засаг, санхүүгийн тогтвортой, үр өгөөжтэй байдлыг хангах, төлөвлөлт ба зарцуулалтыг оновчтой хийх зэрэг маш олон сэдвээр хэлэлцсэн байна.
Сайд А.Гансүх уг хуралд оролцохын зэрэгцээ ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Питер Рамзауэр, “Дойче Баан” ХК-ийн ТУЗ-ийн дарга Рудигер Грубе нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон ба 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Зам, тээврийн яам болон ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоорондын хамтын ажиллагааны шинэчилсэн Санамж бичигт гарын үсэг зурав.