logo
Ерөнхий сайд бяцхан иргэддээ хүндэтгэл үзүүллээ

Ерөнхий сайд бяцхан иргэддээ хүндэтгэл үзүүллээ

2013/06/03

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр “Байгалиар гоёдог миний гэр бүл” хүүхдийн зохиомжит хөтөлбөрийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Баярын хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг гэр бүлийнхээ хамт оролцож, бяцхан иргэддээ хүндэтгэл үзүүллээ.

Төв талбай болон бусад олон газар хүүхэд, гэр бүлийн инээд хөөрөөр дүүрэн өнжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд “Төрийн ордондоо иргэд маань чөлөөтэй зочилдог болсны дээр өчигдрөөс ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болголоо. Иймд бяцхан иргэд та бүхэн минь гэр бүлийнхэнтэйгээ очиж тоглоорой” гэлээ.

Энэ өдөр бүх дүүрэгт олон чиглэл, сэдвээр уулзалтууд болж байна. Халамж асрамжийн төвд амьдарч буй, хөдөлмөр эрхэлж буй, хорих ангид хүмүүжиж буй  хүүхдүүдтэй хийх уулзалтуудыг ч тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа. Харин төв талбайд урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаанаар “Байгалиар гоёдог миний гэр бүл” зохиомж хөтөлбөр үргэлжилж байна. “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн баярын үйл ажиллагааг байгаль эхээ хайрлан хамгаалахыг уриалан ийм сэдвээр зохиомжилсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш