logo
Бүтээн байгуулалтын асуудлаар Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

Бүтээн байгуулалтын асуудлаар Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

2013/06/03

Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын бодлого, ажлын явцын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.

Барилгын салбарыг импортын хамаарлаас гаргах, улирлын чанартай ажлын  хугацааг уртасгах, зээл санхүүжилтийн нөхцөлийг сайжруулахад Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа чиглэж байна. Эхний ээлжинд импортоор орж ирэх барилгын материал, бараа таваарыг Замын-Үүдээр түгжрэлгүй оруулж ирдэг болгож, орон сууцны нийлүүлэлтэд анхаарч, дутуу боссон барилгуудыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж, томоохон хорооллууд руу явах дэд бүтцийг шийдвэрлэхэд хөрөнгө зарцуулж, ипотекийн зээлийн ерөнхий журам баталлаа гэж  Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотгон хэллээ.

Барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэхэд чиглэсэн “Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн орон сууцны барилгын зээлд зориулагдах эхний ээлжийн 380 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдвэрлэж, үүнээс 300 тэрбум төгрөгийг банкуудад олгосон, барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн зэрэг ажлын үр дүн удахгүй гарна. Үүний зэрэгцээ “Амины орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрүүд боловсруулж байна зэрэг мэдээллийг Ерөнхий сайд өгөөд, гишүүдийн асуултад хариулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш