Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд Уул уурхайн яамыг бие даалган байгуулсантай холбогдуулан тус яам урьд нь өргөн барьсан байсан “Төрөөс эрдэс баялгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг татан авч салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан уг баримт бичгийг шинэчлэн боловсруулжээ. Энэхүү баримт бичиг нь Нийтлэг үндэслэл, Эрдэс баялгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Эрдэс баялгын салбарт баримтлах зарчим, Эрдэс баялгын салбарт баримтлах бодлогын чиглэл, Эрдэс баялгын бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн гэсэн таван үндсэн бүлэгтэй юм.
Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахууныг импортолжээ. Цаашид улс орны эдийн засаг, ялангуяа уул уурхай, дэд бүтцийн салбарын өсөлттэй уялдан түлш шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх нь судалгаагаар харагдаж байгаа аж. Иймээс өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг хангах түлш шатахууны үйлдвэрийг дотооддоо барьж байгуулах нь манай улсын хувьд нэн тэргүүний зорилт болж байгаа тул түлш шатахуун үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа хувийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төрөөс бодит дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байна. Үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг импортлоход нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх замаар татварын таатай орчин бүрдүүлж өгөх нь газрын тосны бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрийг барьж байгуулан импортын хараат байдлаас гарахад томоохон түлхэц болно гэж Засгийн газар үзэж байгаа аж. Эдгээр шаардлагад үндэслэн газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан байна.