Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцуулав.
Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж бүрэн тусгасан байна.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гэж үзсэн гүйлгээг Санхүүгийн мэдээллийн албаны дарга 3 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, шаардлагатай бол шүүхээр уг хугацааг сунгуулж байхаар өөрчлөх саналтай холбогдуулан хугацаа болон шүүхээр шийдвэрлүүлэх асуудал дээр гишүүд санал зөрүүтэй байсан тул эцсийн хэлэлцүүлгийн үед уг саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн юм.
Үүний дагуу уг асуудлыг хэлэлцээд гүйлгээг “ажлын 3 хүртэл өдрийн” хугацаагаар түдгэлзүүлэх, шаардлагатай бол уг хугацааг шүүхээр сунгуулж байх нь зүйтэй юм гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Мөн төслийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг “Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөтэй холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ тухай 24 цагийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ” гэж найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Дэмбэрэл нар асуулт асууж хариулт авлаа.
Үүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг батлах санал хураалт явуулж уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93,8 хувь дэмжлээ. Энэ хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанд Мөрдөх албаны тухай хуулийг Засгийн газраас татан авч байгааг УИХ-ын дарга гишүүдэд танилцуулав.
Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилж Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын хийх мэдээллийг сонсоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.