logo
Увсчууд архи, тамхинаас татгалзаж хүүхдүүддээ бэлэг барилаа

Увсчууд архи, тамхинаас татгалзаж хүүхдүүддээ бэлэг барилаа

2013/06/04
Өнөөдөр бяцхан үрсийнхээ мөрөөдлийг хамгаалах, өсөн, хөгжих нийгэм, гэр бүлийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх гээд төр засаг, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ өмнө  хүлээх хариуцлага олон. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Увсчууд бүтээлч санаачилгаар дүүрэн тэмдэглэсэн.  Хөрөнгө мөнгө зарахгүйгээр, хүүхдийнхээ төлөө хийж болох олон зүйлс байдгийг харуулсан нэгэн арга хэмжээг энэ жилийн хүүхдийн баяраар зохион байгууллаа. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдийн баяраар “Архи, тамхинаас татгалзаж хүүхэддээ бэлэг барьцгаая” уриан дор аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “Архи, тамхигүй Монгол хүн”  аяныг долоо хоногийн аян зарласан. Аяны хүрээнд 5-р сарын 31-ний өдрийн 14:00-17:00 цагт “Архи, тамхигүй Монгол хүн”  гэсэн жагсаалд Увсчууд нэгдсэн. Ийнхүү АЗДТГазар, Хүүхэд гэр бүлийн хэлтсээс хүүхдэд ээлтэй  аюулгүй, эрүүл орчин бий болгох уриалга дэвшүүлснийг ТББ-ууд,  олон мянган эцэг эхчүүд дэмжин оролцлоо.

Увсчууд архигүй тамхи аймаг болохыг зорьж байгаа. Аяны хүрээнд орон нутгийн телевизүүдээр  шторк цацаж, айл өрхүүдээр дөрвөн  төрлийн 3000 орчим гарын авлага тараасанаас гадна байгууллагууд архи, тамхины эсрэг сурталчилгааны материал, ухуулах хуудас, лоозон бэлтгэсэн байна.

  Монгол Улсын Үндсэн хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өсвөр үе залуучуудыг хорт зуршил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдэд архи тамхигүй иргэн айл өрх, хамт олны үлгэр дууриалалыг зарлан тунхаглах, сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд түлхэц өгсөн арга хэмжээ болсныг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа.

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн сурагчид, албан байгууллагын залуучуудын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллүүд САМА телевизийн “Ярилцах цаг”  шууд нэвтрүүлэгт оролцож ард иргэд, үе тэнгийнхэндээ архи, тамхины хор уршгийг сурталчилан таниулж, жагсаалт идэвхитэй оролцож, архи тамхинаас татгалзахыг уриалсан байна.

“Архи,тамхигүй Монгол хүн” нийтийг хамарсан жагсаалд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн оролцож “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе” хэмээн архи, тамхинаас татгалзахаа амласан. Үүний дараа олон хүмүүс архи, тамхи дахин хэрэглэхгүй гэдгээ бяцхан үрсдээ амлан, илэрхийлж байсан.

Улаангом суманд зохион байгуулсан уг жагсаалд 60 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 3000 орчим хүн, бусад 18 суманд явагдсан жагсаалд 3600 орчим хүн, нийт аймаг даяар 6600 орчим хүн хамрагдаж Архи тамхинаас татгалзсан.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш