logo
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

2013/06/05
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2013.06.04/ хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

  Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Ойн тухай хууль 2012 онд шинэчлэн батлагдаж, орон нутагт ойн ангийн бүтэц бий болж эерэг үр дүн гарч байгаа хэдий ч ойг түймрээс хамгаалах талаарх нийтлэг шаардлагыг хуульчлан тогтоож, орон нутагт төрийн нэрийн өмнөөс ойг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалагчийн эрх үүргийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байгаа аж.

  Манай улсад гарч байсан ой, хээрийн түймрийн олон жилийн статистик бүртгэлээс үзэхэд жилийн нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй, галтай болгоомжгүй харьцдаг, хууль биелүүлдэггүй үйлдлийн шалтгаанаар гарсан гэсэн тоо баримт байдаг юм байна.

  Хуулийн төсөлд ойд нөхөж баршгүй хохирол учруулдаг түймэр гарахаас сэргийлэх зорилгоор түймрийн аюултай буюу хуурайшлын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс хориглох үйлдлүүдийг хуульчлан тогтоож, зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулах эрх зүйн орчин бий болгохоор тусгажээ. Түүнчлэн ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ойн тооллого, зохион байгуулалтын ажлын хүрээг өргөтгөж, хүлэмжийн хийн шингээх чадавх, биомассын үнэлгээний түвшинд хийх зохицуулалтыг бий болгохоор оруулжээ.

   Өнөөдрийн мөрдөж байгаа Ойн тухай хуульд ой ашиглах эрхийн бичиг олгох, гарал үүслийн гэрчилгээ олгох, ойг гэрээгээр эзэмшигчидтэй гэрээ байгуулах зэрэг ажлуудыг сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэж байгаа нь ойн хуулийг гажуудуулах, ойд явуулах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах боломжийг алдагдуулж байна гэсэн мэргэжлийн байгууллага, иргэдийн саналыг үндэслэн энэ чиг үүргийг байгаль хамгаалагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэн төсөлд тусгасан байна.

   УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, хуулийн төсөлд ойд хохирол учруулсан аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж заасан нь хэтэрхий бага тоо биш үү хэмээн лавлаж байлаа.

  БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагчийн тайлбарласнаар, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийг түймрийн улмаас байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгжид оногдуулах аж. Харин хууль бусаар мод огтолсон аж ахуйн нэгжид ногдуулах торгуулийн хэмжээ үүнээс өөр гэлээ. Мод огтолсон аж ахуйн нэгжид оногдуулах торгууль түймэр тавьсаны төлөө оногдуулах торгуулиас бага байгаад УИХ-ын гишүүд Ц.Оюунгэрэл шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрбээр түймрийн улмаас учирсан хохирол мод тайрахаас илүү байдгийг онцолж байлаа.

   Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш