logo
Дараа жил Монголд Азийн Залуучуудын чуулган болно

Дараа жил Монголд Азийн Залуучуудын чуулган болно

2013/06/05
Өнгөрсөн 5-р сарын 30-аас 6-р сарын 2-нд Камбожийн Вант улсад болсон Азийн Залуучуудын V чуулганд Монгол улсаа төлөөлж Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын залуучуудын үндэсний хороо”-нд багтдаг, залуучуудын асуудлаар манайд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн багийнхан илтгэл тавих, хэсгийн хуралдаанууд хэлэлцүүлэгт оролцох зэргээр тун амжилттай идэвхтэй оролцоод иржээ. Мөн Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү томоохон чуулганыг ирэх 2014 онд Монголдоо зохиох эрхийг тэд авч чадсан нь томоохон ач холбогдолтой үйл явдал болжээ. Энэ нь Азийн орнуудын манлайлагч болсон 300 гаруй төлөөлөгч залууст Монголоо сурталчлах, залуучуудын орон гэгддэг манай улсыг дэлхийн олон нийтийн хараанд өртүүлэх, чуулганы бэлтгэл ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийж үлдээх зэрэг олон ач холбогдолтой болохыг багийнхан онцолж байна. Тус багийнхныг явахын өмнөхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзахдаа хэрэв энэхүү чуулганыг зохион байгуулах эрхийг авч ирж чадвал Засгийн газар бүрэн дэмжихээ илэрхийлж байсан юм. Тиймээс дараа жил анх удаа Монголд зохиогдох энэхүү чуулган томоохон үр дүнтэй ажил болох нь дамжиггүй. Дашрамд дурдахад багийн бүрэлдэхүүнд МЗХ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, МОХ, НАМЗХ, АЗХ, Залуу эрдэмтдийн холбоо, Залуу уран бүтээлчдийн холбоо, НҮБ-ийн дэргэдэх Залуучуудын зөвлөх хороо, Монголын сурагчдын холбоо зэрэг 10-д байгууллагын 20 төлөөлөгчид багтаж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ахалж явсан бөгөөд тэрээр Азийн залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавьсан аж.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш