logo
С.Эрдэнэ: Удахгүй ахмад настнуудын тэтгэврийг 22 хувиар нэмэх асуудлыг хэлэлцэж, шийднэ

С.Эрдэнэ: Удахгүй ахмад настнуудын тэтгэврийг 22 хувиар нэмэх асуудлыг хэлэлцэж, шийднэ

2013/06/06
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагд­са­наа­саа хойш хүний хөгж­лийн талаар ярьж бай­на. Ер нь хүний хөгжил гэдгээ яаж тодорхой­лоод байгаа юм бэ?
-Манайд хүн амын хөгж­­лийн талаар бие даасан яам байгаагүй бөгөөд бодлого нь ч гэсэн тунхагийн шинжтэй бай­саар ирсэн. Шууд хэлбэл монгол хөг­жил, бодлого зорилтоо тодорхойлж, хийж, хэрэг­жүүлэхдээ хүн амынхаа талаар үг дуу­гарч бай­гаа­гүй. Ингэж хүн амыг хоёр­дугаарт тавьж ирсэн учраас хүн төвтэй хөгжил ирэлгүй эдийн засгийн болоод мөнгө­ний хөгжил л явагддаг байлаа. Тий­мээс хүн амын хөгжлийн бодлогын цогц баримт бичгийг боловсруулъя, хүн амын бодлоготой болъё дараа нь эдийн засаг, бүтээн байгуу­лал­тын бодлого­той­­­гоо энэ ба­римт бичгээ уялдуулж хөг­жүүлье гэдэг асуудлыг хөндөж байгаа. Бид хүн амын хөгжлийн бодлогыг боловсруулах­даа хэдэн хүн ширээ тойрч сууж байгаад гар­гачихсангүй. Хүн амын­хаа бүлэг тус бүрээр нь хэлэлцүүлэг зохион бай­гуулж өөрс­дийнх нь дуу хоолойг сонсч байгаад баримт бичгээ боловс­руулж бай­гаа. Ахмад, дунд, эмэг­тэй, хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн дунд хэлэлцүүлгээ зохион бай­гуулсан бол зургаду­гаар сарын 1-нээс 5-ны өдрүү­дэд хүүхдийн асууд­лаар Архангай аймагт хурал­дана. Хүн амын хөгжил гэдгийг хүн төвтэй хөгжил л гэж ойл­гох хэрэгтэй. Хүнээ орхи­чихоод бусад хөгжлөө бодоод байвал бидний хөгжил эцэстээ юу болох нь ойлгомжтой шүү дээ.

-Хүн амын хөгжлийг боловсролоор нь тодор­хойлдог учраас та на­рын яриад байгаа энэ ажлыг боловсролын сал­бар хийх юм шиг харагддаг. Ер нь хүн амын хөгжлийн баримт бичигт яг ямар заал­тууд орж байгаа юм бэ?
-Хүн амын хөгжил гэ­хээр хүмүүс тэгж л ойлго­дог. Гэхдээ боловсрол, эрүүл мэнд бол хүний нийгэмд зайлшгүй байх ёстой суурь хөгжил гэдэгт нь ордог. Хүн боловсрол­той байх эрхтэй, эрүүл орчинд, эрүүл амьдрах эрхтэй гэх мэтээр. Харин бидний яриад байгаа хүний хөгжил бол үүнээс өөр. Хүний насжилт, шил­жилт хөдөлгөөн гэх мэ­тээр асуудлыг ярьж бай­гаа. Адаглаад л эдийн засгийн бодлого, бүтээн байгуулалт  ярихдаа хүнээ хаана нь тавих вэ гэдэг л хамгийн чухал байгаа юм. Энгийн жи­шээг дурдахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээл тараад хаачиж байна вэ. Яахав хичээл дээрх хугацаанд нь багш нь хариуцаад бусад үед нь хаана яваа нь хэнд ч хамаагүй бай­даг. Энэ нь боловсрол олгосон л бол болсон гэдэг ухагдахуун болчи­хоод байгаа юм. Боловс­рол гэдэг нь жаахан юм уншуулах, тоо бодуулах ш дээ. Гэтэл хичээлдээ сууж уншиж бичсэн хүүхэд бусад үед нь яах юм. Хаа­на байж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх юм гэдэг асуу­дал босч байгаа. Хэл су­рах уу, урлаг, уран зо­хиол, спортод шимтэх үү. Гэтэл энэ боломжууд өнөө­­дөр байна уу. Ингээд бүхнийг ярихаар хүн амын хөгжлийн бодлого байх ёстойг илэрхийлээд эхэлж байгаа юм. Ер нь ирэх аравдугаар сар гэхэд Хүн амын хөгжлийн цогц бодлогыг УИХ-ын тогтоолын хамт УИХ-д өргөн барина.

-Хүн бүрийн өмнө тул­гамдсан асуудал, олон өөр бэрхшээл бай­на. Эдгээрийн нэг нь хүүхэд. Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар яам яаж ажиллаж бай­на?

-Хүн амын бүлэг тус бүрт тулгамдаж байгаа эмзэг асуудал байгаа. Энэ нь хэвийн зүйл мэт болчихсон. Хүмүүс түүндээ дасан зохицчих­сон байна. Хүүхдийг хүн мэтээр авч үзэхгүй байх, хүүхдийн эрхэнд халдах, хүчирхийлэх, боолчлох гэдэг бол өнөөдөр үүсчи­хээд байгаа юм биш. Хэ­дэн зуун жил ингээд л яваад ирсэн. Миний үед л гэхэд саваа модоор чич­лүүлээгүй, бөгжтэй гараар цохиулаагүй хүүхэд бай­гаа­гүй. Тэр бүхэнд нь зөөж гүйдэггүй байсан. Ховловол нэмж зодуул­на. Энэ нь юу харуулж байна вэ гэвэл тухайн үеийн хүмүүжлийн арга барил нь бүдүүлэг байж. Үүнээсээ өнөөдөр ч са­лаагүй байгаа жишээ­нүүд гарсаар байна. Тий­мээс хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион бай­гуулж өөрсдөөс нь сана­лыг нь сонсч байгаа юм.

-Яг өнөөдөр үйл ажил­­­лагаа явуулж бай­гаа хүүхдийн төлөөх байгууллагуудын үйл ажиллагааг яаж дүгнэж байгаа вэ. Тэд хүүхдийг хамгаалах бус хүчир­хий­лэлд өртсөн хүүх­дийг олон нийтэд зар­лаж байгаа нь хэр зохимжтой вэ?
-Байдал ийм байгаа нь үнэн. Гэхдээ тэд нарт үүнээс өөр ажил хийх ямар ч боломж байдаггүй. Ганц байгаа боломж нь хүүхдийн эрхийг хаана, хэн зөрчив гэдгийг ярих. Ингэж боломжоороо ажил­лахдаа хүүхдийн эрхэнд давхар халдаж нэр хүндийг нь гутааж байна. Тэгэхээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг яарал­­тай өөрчлөх хэрэг­тэй. 

-Хүүхдүүдээс гадна өндөр настнуудын эр­хийн асуудал хурцаар тавигддаг. Саяхан ах­мад настнуудын дунд хэлэлцүүлэг зохион бай­­­гуулсан. Тэд яг ямар асуудлаа шийдүүлье гэж байх юм?

-Ахмад настны эрх зүйн боломжийг нэмэг­дүүлж, боломжтой бол хөдөлмөр эрхлэх хэрэг­тэй байна л гэж байна. Хэдий тэтгэвэрт гарсан ч бие, ухаан эрүүл хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр бас үл ойшоох бус үнэт зөвлөгөө авах, хөнгөн ажил эрхлүүлэх, эрүүл амьдрах орчинг бүрдүү­лэх асуудалд анхаара­хаар болсон. Жишээлбэл монголчууд ахмаддаа хайртай нэрээр гэртээ байлгаж хүүхдээ харуулж, гэрээ цэвэрлүүлэн үнэгүй боолчилдог. Дээр нь зарим нь тэтгэврээ хураалгадаг гэх мэтээр асуудал байна. Энэ нь ахмадууд гавьяаныхаа амралтыг эдлэх бус тө­рүүлж өсгөсөн хүүхдүүд­дээ боолчлогдох байдал­тай болчихоод байгаа. Нэн тэргүүнд энэ асууд­лыг нь зохицуулах хэрэг­тэй. Энэ ч үүднээс "Ахма­дын байр" гэдгийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэ­хээр болсон. "Ахмадын байр" гэх хотхонд өндөр настнуудад хэрэгтэй бү­хий л зүйл байх болно. Энэ мэтээр ажиллаж бай­на.

-Ахмадуудын байн­га хүсдэг зүйл бол тэт­гэвэр нэмэх. Ийм бо­ломж байгаа юу?

-Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль хэ­рэг­жиж эхэлснээр тэтгэ­вэр боломжийн нэмэгдсэн. Энэ хуулиар 178 мянган хүний тэтгэв­рийн зөрүү арилсан гэх мэтээр үр дагавар нь сайн байгаа. Харин цаашид ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг байнга нэмэг­дүүлж байх нь зүйтэй гээд өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн хуулиар заагаад өгчихсөн юм. Жил бүр Үндэсний статистикийн хорооны саналыг үндэс­лэн тэтгэврийн асууд­лаар Засгийн газар шийд­вэр гаргаж байх бол­но. Нэг үгээр хэлбэл сонгуулиар улс төрийн шоу хийх бус жил бүр энэ асуудлыг хэлэлцэж байна гэсэн үг.

-Энэ жилийн хувьд хэдийгээр тэтгэвэр нэ­мэх асуудлыг шийдэх вэ?

-Бид Нийгмийн даат­галын үндэсний зөвлөлд танилцуулгаа явуулсан. Ирэх долоо хоног гэхэд асуудлыг хэлэлцчих байх. Хэрвээ дэмжигдвэл Зас­гийн газарт энэ асуудлыг танилцуулж, улмаар шийдвэрлэх болно.

-Ойролцоогоор хэ­дэн төгрөгөөр нэмэх юм бол. Хүмүүс харилцан адилгүй тэтгэвэр авдаг. Ахмад настнуудын тэт­гэ­вэр бүгд нэг ижил хэмээр нэмэгдэх үү?

-Үндэсний статис­ти­кийн хорооны судалгаан дээр үндэслэж ойролцоо­гоор 22 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн. Харин хэнийх нь цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг тооцоолж гаргаа­гүй байна.

-Хүний хөгжил сан­гийн 21 мянган төгрөгийг гүйцээн олгохоор бол­сон. Харин хувьцаагаа нэг сая төгрөг хэл­бэ­рээр авах хүсэлтэй хү­мүүсийн асуудлыг яаж шийдэх вэ. Бас одонтой эхчүүдэд 500 мянгаас нэг сая төгрөгийг бэл­нээр олгох амлалт хэрэгжээгүй байна?

-Эдийн засгийн су­дал­гаанууд хийгдэж бай­гаа. Одонтой эхчүүдийн мөнгийг олгох эсэх асууд­лыг судалгааны дүнг гар­тал харзнахаар байна. Одонтой эхчүүдийн мөн­гийг олгох шаардлагагүй гэж үзвэл цалин, тэтгэвэр нэмэх асуудлаа ярина. Шаардлагатай гэсэн су­дал­гаа гараад ирвэл бид дараа жилээс асуудлыг ярина. Харин 21 мянган төгрөгийг манай улсын иргэдийн дийлэнх нь ав­чи­хаж. Тэгэхээр хүн бүр эрх тэгш байх ёстой гэдэг үүднээс гүйцээн олгохоор болсон. Тэр нэг сая төг­рөгийг хувьцааны оронд авах асуудлыг эрс эсэр­гүүцэж байгаа. Хэрвээ иргэдийн­хээ гар дээр бай­гаа хувь­цааг төр нь өөрөө үнэлээд, өөрөө зараад эхэлбэл 1990 оны цэн­хэр, ягаан тасалбарыг барааны савангаар соль­сон шиг л юм болно. Үүнийг иргэд ойлгох хэрэг­тэй. Одоо "Энержи ресурс"-ийн хувьцаа л гэхэд дөрвөн мянга хол давж байна. Гэтэл мянган төгрөгөөр солино гэдэг буруу асуудал.

-Засгийн газрын гишүүд долоо хоног бүр л "Би тийм юм хийнэ" гээд яриад байна. Яг энэ жилдээ багтаад хийчих бүтээн байгуулалт нь юу байна?

-Бусад сайд нарын өмнөөс би тэдний ажлыг дүгнэх нь ёс зүйгүй асуу­дал юм. Харин манай яам бодит зорилтоо тодор­хойл­чихлоо. Ажлуудаа хийгээд, хуулиа хэрэгжүү­лээд, зорилтоо хангаад явж байна.

Л.МӨНХТӨР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш