Монголын Залуучуудын Холбоо залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжин дэвшүүлж, чадавхижуулах зорилго бүхий “Залуучуудын зөвлөл”-ийг залуу хүн байгаа газар бүрт байгуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд дүүргүүдийн ЗДТГ, ЕБС, банк, МСҮТ зэрэг албан байгууллагуудад залуучуудын зөвлөлийг байгуулаад байсан бол харин одоо дүүргүүдийн хороодоор дамжуулан гэр хороололд амьдардаг залуучуудын дунд залуучуудын зөвлөлийг байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Тэд эхний удаа хамгийн их гэр хороололтой Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн хороодод залуучуудын зөвлөл байгуулж байгаа аж. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотойгоос 24 нь гэр хорооллын, Чингэлтэй дүүрэг 19 хороотойгоос 13 нь гэр хорооллын харин Баянзүрх дүүрэг 28 хороотойгоос 19 нь гэр хороололд амьдардаг иргэдийн хороод байдаг юм байна. Дүүргүүдийн хороодод эмэгтэйчүүдийн зөвлөл, ахмадын зөвлөл гэж байдаг хэдий ч залуучуудын эрх ашиг, оролцоог идэвхжүүлэх, гэр хорооллын залуучуудад тулгамдаж байгаа нийгмийн асуудал тухайлбал ажилгүйдэл, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолой хүргэх, мөн тэдгээр залуучуудыг нийгмийн идэвхтэй болгоход анхаарсан залуучуудын зөвлөл гэж байдаггүй, харин бид энэхүү зөвлөлийг байгуулж байгаа нь залуу хүн бүрт хүрэх манай ажлын нэг хэсэг юм, түүнчлэн зөвлөлөөрөө дамжуулан нийгмийн бүх давхаргын залуучуудад хүрэхийн төлөө ажиллана байгаа гэдгийг МЗХ-ны гүйцэтгэх хорооны мэргэжилтэн хэлж байна. Хороодынхоо залуучуудыг төлөөлөн, тэдний дуу хоолойг зөвлөлөөрөө дамжуулан нийгэмд хүргэхийн төлөө Залуучуудын зөвлөлүүд идэвхтэй ажиллах л үлдлээ. Мөн цаашид МЗХ зөвхөн аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг хамруулан Залуучуудын зөвлөл байгуулахаас гадна хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жижиглэнгийн бараа зардаг болон хүнсний жижиг дэлгүүрүүдэд ажилладаг зэрэг аливаа нэгэн газар харъяалагддаггүй залуучуудыг хамруулан залуучуудын зөвлөлийг байгуулахаар ажиллах гэнэ.