logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ аймгийн бүтээн байгуулалттай танилцлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ аймгийн бүтээн байгуулалттай танилцлаа

2013/06/07

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зарим ажлуудтай танилцсан юм. Тэрээр энэ үеэр гүйцэтгэгч байгууллагуудад бүтээн байгуулалтын ажлуудаа батлагдсан төсвийн хүрээнд хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэйг санууллаа.

Авто вокзалын барилгын зураг төсөл алдаатай хийгдсэнийг шүүмжиллээ

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод авто вокзал, тээврийн оношилгооны төвийн зориулалтаар баригдаж байгаа барилгын ажлын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа. 2012 оноос эхэлсэн барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр энэ сард багтаан орон нутагт хүлээлгэн өгөх юм. Тээврийн оношилгоо, авто вокзалын зориулалттай боловч зорчигдын хүлээлгийн танхим байхгүй, иргэдэд үйлчлэх үйлчилгээний цэг байхгүй гээд зай талбай багатай байгааг Ерөнхий сайд шүүмжилсэн юм. Эхнээсээ зураг төсөл нь алдаатай хийгдэж хийгдсэн учраас гүйцэтгэгч компанийн буруу биш. Тиймээс  салбар яаманд энэ асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгоно гэсэн юм.

 

 

Худалдааны төв ашиглалтад орсноор 500 хүн ажлын байртай болно

Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төвүүдийг орчин үеийн стандартад нийцсэн худалдааны төвтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа. Харин Сэлэнгэ аймгийн хувьд орчин үеийн стандартад нийцсэн тохилог худалдааны төв энэ оны 10 дугаар сард ашиглалтад орох юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай явааг гүйцэтгэгч “Өсөх Урам” компанийнхан Ерөнхий сайдад танилцууллаа. 2.9 тэрбум төгрөгийн өртөгтэй худалдааны төв ашиглалтад орсноор 500 хүний ажлын байр бий болно гэж аймгийн удирдлагууд үзэж байна. Сэлэнгэ аймагт 4200 м2 талбай бүхий худалдааны төв ашиглалтад орох бол энэ онд нийтдээ 6 аймаг тохилог худалдааны төвтэй болно.

 

112 айл орчин үеийн тохилог орон сууцанд орно

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт баригдаж байгаа 112 айлын орон сууцны барилгын  ажлын явцтай танилцлаа.  ВИДҮ компанийн хөрөнгө оруулалтаар босч байгаа долоон давхар орон сууцны барилга усралтын ажлын гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сараар түрүүлж яваа бөгөөд ирэх 9 дүгээр сард ашиглалтад өгч, оршин суугчдаа хүлээн авах боломжтой гэж тус компанийн захирал Ц.Болд Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ барилгыг зөвхөн Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн барилгын материалаар барьж байгаагаараа онцлогтой. Хөтөлийн цемент, Сэлэнгэ Оюу компанийн хөнгөн блок, Зүүнхараагийн тоосго, Сүхбаатар суманд үйлдвэрлэсэн вакум цонх, гээд барилгын материалын үйлдвэрлэл Сэлэнгэ аймагт эрчимтэй хөгжиж байгааг Ерөнхий сайд сайшаасан юм. Мөн орон нутагт орон сууцны барилга барьж байгаа компаниудыг хөнгөлөлттэй зээлд хамруулах замаар Засгийн газраас дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Ийнхүү ирэх намар 112 айл орчин үеийн тохилог орон сууцанд орох боломж бүрдэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш