logo
Хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана

Хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана

2013/06/07
Хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана

Энэ жилийн Дэлхийн Байгаль орчны өдрийн уриа тэмдэглэх Дэлхийн зочин орноор Монгол Улс сонгогдон Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ – Хоол, хүнсний хаягдлыг багасгая  уриан дор энэ сарын 01-05-ны өдрүүдэд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. “Байгальд ээлтэй гэр бүл” арга хэмжээгээр эхэлж  таван өдөр үргэлжилсэн хөтөлбөрийг хааж өчигдөр олон улсын  төлөөлөгчдийг оролцуулан хүндэтгэлийн хурал хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт талархал дэвшүүлж, өнгөрсөн өдрүүдэд байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлого гэсэн үгстэй Монгол Улсын нэр хамт яригдсанд баяртай байгаагаа хэллээ. “Манай улсын хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана. Ийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар хариуцсан яамны статусыг дээшлүүлж, үндсэн чиг үүргийн яам болгосон” гэж Ерөнхий сайд тодотголоо. Түүнчлэн, монголчууд байгаль хамгааллын туршлагаараа үлгэр болохуйц соёл уламжлалтай ард түмэн болохыг монгол гэр сууцаараа жишээлэн ярьсан юм.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер хэлэхдээ  “Ногоон хөгжлийн стратеги ирээдүйн сайн сайхны баталгаа болно. Монгол Улс Ногоон эдийн  засгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд баяртай байна. 2013 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын хувьд цаашид хамтран шинэ алхам хийх боломж олгосон өдөр юм.Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсээр байна. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй арга хэрэглэх хэрэгтэй. Уул уурхайн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах, уул уурхайг улсынхаа ирээдүйн төлөө яаж хөгжүүлэх талаар сайтар төлөвлөх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр Хустайн байгалийн цогцолборт газартай танилцахдаа Тахийн  унаганд нэр өгөх боломж тохион “Тунза” хэмээн нэрлэжээ. Энэ нь Зүүн Африкийнхны хэлдэгээр “Хайраа илэрхийлэх” гэсэн утгатай аж.

БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан Дэлхийн байгаль орчны өдрийг амжилттай зохион байгуулсныг дурьдаад Ногоон хөгжлийн стратегийн баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд Байнгын хороо дэмжихээ илэрхийлэв.

Хоолоо үлдээхгүй идсэнээр байгаль орчноо хамгаална

 Арга хэмжээ хүндэтгэлийн зураг авахуулснаар өндөрлөсний дараа БОНХ-ийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн захирал Ёон Вүү Пак нар хэвлэлийн бага хурал хийв.

Сэтгүүлчдийн тавьсан асуултуудаас анхаарлын төвд байсан нь хоол хүнсний хог хаягдал юм. Тухайлбал, Блүүмбэргт мэдээлснээр жилд 220 сая тонн хоол хаягддаг ба үүнийг булж устгадаг байна. Энэ нь метан хий ялгаруулан хүлэмжийн хийн хэмжээг нэмэгдүүлж байгаа аж. Энэ асуултад ноён Аким Штайнер хариулсан юм.  Үүнд хоёр арга бий гэв. Эхнийх нь хүн төрөлхтөн хоол хүнсээ аль болох хаягдалгүй зохицуулах. Нөгөө нь метан хийг ашиглах. Хогийг эрчим хүч болгон ашиглаж чадвал давуу тал болох юм. Ер нь ногоон хөгжлийн талаар ярьж эхэлсэн цагаасаа эхлээд хогны асуудлыг хэрхэн шийдэх талаар давхар бодох хэрэгтэйг сануулав. Энэ жилийн  Дэлхийн байгаль хамгаалах өдрийн уриа ч үүнтэй холбоотойгоор “сайн бод, зохистой хэрэглэ, аривлан хэмнэ” хэмээн зарлагдсан билээ.    


Дэлхийн байгаль орчны энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Биологийн олон янз байдал-2013” нэртэй гэрэл зургийн уралдааныг нэг жилийн хугацаатай зарласнаа мэдэгдэв. Уралдааны шилдэг бүтээлийг ирэх жилийн Дэлхийн байгаль орчны өдрөөр шалгаруулж олон нийтийн хүртээл болгоно.

Байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хамгийн дөхөмтэй арга замуудын нэг бол гарт нь мэдрүүлж, нүдэнд нь ойртуулах замаар хамгаалах идэвх, сонирхлыг төрүүлэх явдал бөгөөд үүний нэг бодитой үйл ажиллагаа нь гэрэл зургийн болон видео уралдаан байдаг. Уралдааны үндсэн зорилго нь ургамал, амьтан, бичил биетэн, мөөг зэрэг байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх сонирхлыг  төрүүлэхэд оршиж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш