Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталлаа. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна.
Наадмын нийт зардлын 18,2 хувь буюу 288,9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд, 443,1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд, 141,8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 466,3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулна.
Энэ жилийн баяр наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болно. Наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг өвөрмөц онцлогтой байхаар зохион байгуулахаар төлөвлөж байна.