Сүүлийн үед хүүхдийн паркийн газрын асуудлаар нилээн маргаан өрнөөд байгаа билээ. МЗХ, “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн “Херо” энтертайнментын “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн паркийн асуудлаар хийсэн цувралыг хэт нэг талыг бариж, үнэнийг гуйвуулсан гэж үзэн шүүхэд өгөхөө мэдэгдэж, сэтгүүл зүйг гутаан доромжилж байна гээд залуучуудаас уучлал гуйхыг шаардаад байгаа. Мөн түүнчлэн хүүхдийн паркийн газрын хувьчлалын асуудлаар Бодь группыг шүүхэд өгч, шүүхийн шийдвэр хэлэлцээрийн шатандаа явж байгаа гэдэг асуудлыг яриж байсан. Тэгвэл 03-р сарын 19-нд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Бодь групп давж заалдах албан бичгийг хүргүүлээд байсан бол шүүхийн тов гарч 06-р сарын 12-нд 15:30 минутаас давж заалдах шатны шүүх хурал болохоор болсон юм байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр орон нутгийн өмчийн газрыг хувийн компани дураараа бусдад шилжүүлж, тэр эдгээдүүд нь уг газарт зочид буудал, оффисын барилга барьж байгаа нь хууль бус гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлээр шүүх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг зэргийг дүгнэж үзээд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хууль бусаар хувьчлал явуулсан гэж Бодь группыг үзсэн байна. Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр “орон нутгийн өмчийн хуулийн этгээд” байгуулах хуульд заасан эрхээ хэмжээгээ хэтрүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан компанийг хууль бусаар байгуулж, улмаар орон нутгийн өмчийг хязгаарлагдмал хариуцлагатай хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хэргийн оролцогч талуудын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна гэж үзжээ. Ингээд шүүхийн шийдвэрээр НИТХ-ын 188-р “Хамтарсан компани байгуулах” тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шүүх бүрэлдэхүүний шийдвэр гарсан юм байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандаж болдог. Хуулийн дагуу Бодь групп давж заалдах шатны шүүхэд хандаж, давж заалдахаар болжээ. Дашрамд дурдахад Бодь групптэй хийх давж заалдах шатны шүүх хурлын талаар твиттер цахим хуудсаар дамжуулан залуучууд санал бодлоо илэрхийлж, МЗХ-той хамтран нэгдэж орохоор жиргэж байна.