logo
Эмнэлгүүдийн барилга, эзэмшил газрын үйл ажиллагаатай танилцав

Эмнэлгүүдийн барилга, эзэмшил газрын үйл ажиллагаатай танилцав

2013/06/12
УИХ-ын НББСШУБХ-ноос Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Тус ажлын хэсэг энэ сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр тус тус ажилласан бол энэ удаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмнэлгийн барилгын өнөөгийн байдал, эзэмшил газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

НЭМҮТ-ийн зүгээс Нийгмийн эрүүл мэндийн төв лабораторийн барилгыг барихаар төлөвлөсөн бөгөөд барилга, тоног төхөөрөмжийн зардлыг ирэх оны төсөвт суулгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Тус лаборатори нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой аж. Мөн тус байгууллагын хувьд тулгамдаад буй нэг асуудал нь байгууллагын эзэмшлийн газрын маргаан бөгөөд энэ тал дээр анхаарч, шийдвэрлэж өгөхийг ажлын хэсгийн гишүүдээс хүсч байлаа. ХӨСҮТ-ийн хувьд Биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораторийн барилга байгууламж барих, сүрьеэгийн хүүхдийн 30 ортой эмнэлэг барих асуудлуудыг тавьж дэмжлэг хүсч байв.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярмаа, УИХ-ын НББСШУБХ-ны зөвлөх Ж.Чимгээ, УИХ-ын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн референт Н.Сүхбаатар, УИХ-ын НББСШУБХ-ны референт М.Отгон зэрэг холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа юм. Ажлын хэсэг дараагийн удаа Хавдар судлалын үндэсний төв дээр ажиллана.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш