logo
Монгол Улс төсвийн ил тод байдлыг хангах “Шилэн данс” тогтолцоонд шилжинэ

Монгол Улс төсвийн ил тод байдлыг хангах “Шилэн данс” тогтолцоонд шилжинэ

2013/06/12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хуулийн ахлах референт Г.Мөнхтулга нар Иргэний танхимд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын үеэр төрийн албыг ил тод байлгах, төсвийн ил тод байдлыг хангах талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг танилцуулав.
Хэвлэлийн хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүгдийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу шинэчлэлийн Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигт өчигдөр гарын үсэг зурсан. Энэ зарлигт мөн Ерөнхий сайд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр хэрэгждэг. Энэхүү зарлигийн товч утга нь “шилэн данс” тогтолцоонд шилжих тухай юм.
Энэхүү зарлигийн дагуу 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарлага болон тайлангийн бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар боллоо.
Өнөөгийн хуулийн дагуу улсын төсөв арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагддаг. Төсөв захирагч нь дараа жилийн нэгдүгээр улиралд багтаж тайлан гаргадаг ба үүнийг Үндэсний аудитын газар хянаад ирэх жилийн төсвийг баталж байх үед танилцуулдаг. Ингэхээр бид “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө” гэгчээр ажиллаж ирсэн. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлээд төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж орлого зарлагын гүйлгээ “шилэн дансны” тогтолцоонд шилжих юм. Ингэснээр тухайн байгууллагын дансны бүх гүйлгээ олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болно гэсэн үг. Энэ өөрчлөлтийн дагуу татвар төлөгчдийн мөнгө болох төсвийн зарцуулалт, хяналтад хувьсгал гарах учиртай. Өнөөдрийн байдлаар 12-24 сарын дараа хяналтыг явуулж байгаа нь маргаан үүсгэдэг. Гэтэл энэхүү тогтолцооны дагуу авлигал, зүй бус үйлдэл, төсвийн буруу зарцуулалтыг ард түмэн хянах боломжтой болж, цаг тухай бүрт нь арга хэмжээ авна гэсэн үг. Ингэснээр авлига, төсвийн хяналтыг нэг байгууллага, албан тушаалтан биш ард түмэн хянаж чаддаг болно.
Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн хуулийн дагуу өнөөдөр шүүхийн шийдвэр олон нийтэд ил болсон нь ард иргэдэд ашиг тусаа өгөөд хэдийнэ эхэлжээ. Өнөө өглөө гэхэд шүүхийн 77600 шийдвэр интернэтэд тавигдаж, олны нийтэд ил болсон байсан. Өмнө нь шүүхийн шийдвэрийн чанаргүй, шударга бус байдал ард түмний гомдлыг дагуулдаг байсныг та бүхэн бэлхнээ санаж байгаа байх. Харин өнөөдөр иргэдийн гомдол чирэгдэл эрс буураад байгаа юм. Авлигад холбодсон албан тушаалтнууд шүүхийг шүүмжлэх тохиолдол цөөнгүй бий.
Төсвийн байгууллагын санхүүгийн гүйлгээг олон нийтэд дэлгэн тавьснаар жилийн дараах тайлан тэнцлийн үеэр гарах маргаан хэл ам эрс буурах нь тодорхой. Төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил болно гэсэн үг. Хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдэж байгаа билээ. Энэ тогтолцоонд шилжихэд мэдээж тодорхой хугацаа шаардагдах байх.
Монгол Улс шууд ардчиллын тогтолцоонд шилжиж, дүүрэг, орон нутагт очих төсвийг ард иргэд нь өөрсдөө шийддэг болж байгаа энэ мөчид дээрх шинэчлэл зайлшгүй шаардлагатай юм” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Зөвхөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болох юм. Энэ нь үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг сөрөг үр дагаваруудаас зайлсхийх чухал алхам юм. Энэ нь томоохон шинэтгэлийг авчрахаас гадна энэ зарлигийн хүрээнд төсвийн байгууллагуудад хамтран хяналт тавих уриалгыг бид гаргасан. Энэ ажилд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд идэвхитэй хамран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш