logo
С.Одонтуяа: Зуун хувь алдаагүй хууль батлаж байсан нь ховор

С.Одонтуяа: Зуун хувь алдаагүй хууль батлаж байсан нь ховор

2013/06/13
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-УИХ-ын чуулган түр хуга­цаагаар завсарлалаа. Энэ хооронд та ямар ажил ам­жуулах гэж байна вэ?

-Баянгол дүүргийн ир­гэдтэй уулзахаар төлөвлөөд байна. Тойрогт маань бүтээн байгуулалтын ямар ажил хийгдэх гэж байгаа эсэх, чуулганаар ямар хууль бат­лагдав, аль нь хэлэлцэгдэх гэж байгааг сонгогчдодоо та­нилцуулна. АН-ын бүлгээс Архины хяналтын тухай хуу­лийн төсөл боловсруулж бай­гаа. Уг хуулийн төслийн та­лаар иргэдээсээ санал ав­на. Өмнө гарсан хуулиуд хэр хэрэгжиж байна, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын явц ямар байгаа талаар мэдээлэл өгнө. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд орол­цох байх. Архины хяналтын тухай хуулийн төслийн талаархи судалгааг Ерөн­хий­лөгчийн тамгын газраас хийж дууссан байна лээ. Бид судал­гааны дүнгээ иргэдээр хэлэлцүүлнэ. Аливаа зүйлийг иргэдийн оролцоотой шийдэх нь зөв байдаг.

-Хаврын чуулганы хуга­цаанд УИХ дахь Эмэг­тэй­чүүдийн бүлэг ямар ажил амжуулав?

-Эмэгтэй гишүүд нийгмийн чиглэлийн ажлуудад онцгой­лон анхаарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн боло­хоосоо өмнө би хүний хү­мүүж­лийн асуудалд анхаарч ажиллах юмсан гэж боддог байлаа. Энэ удаа үүнийгээ ажил болгон “Эх орон-36” нэртэй хүүхдүүдэд эх оронч үзэл бий болгох, төлөвшлийн хүмүүжил олгох ажил эхлүүллээ. Нэг эхэлсэн ажил урагшаа яваад байдаг юм байна. Ялангуяа хүүхдийн төлөө хийх ажилд “үгүй” гэдэг байгууллага бай­даггүй. Гэхдээ байгууллага хоорондын уял­даа холбоо муу байдгийг ажил хийгээд явж байхдаа ажиг­лалаа. 2014-2016 онд ба­римт­лах үндсэн чиглэл батлах үеэр би хүнээ хүмүүжүүлдэг, тө­лөвшүүлдэг, боловсролын асууд­лыг БШУ сайдыг онцгойлон анхаарахыг санал болгосон. Энэ асуудалтай сайд санал нийлж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын төлөө ажиллана гэдгээ хэлж байна лээ. Оюутнуудыг зуны амралтаар цэргийн түр хуга­цааны алба хашуулах асуудлыг хувьдаа маш их дэмжиж байгаа. Монголд зөв хүмүүжил, тө­лөвшилтэй, өрсөлдөх чад­вартай хүн дутагдаад байна. Бид ирээдүйгээ мэргэ­жилтэй, чадварлаг боловсон хүчин болгохын тулд хүнээ хөгжүүлэх ёстой.   

-Эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд өөрч­лөлт оруулахаар ажил­лаж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт оруулах юм бэ?

-Одоогийн мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн өмчийн асуудал огт тусгагдаагүй байна. Эцэг, эх нь салахад тухайн хүүхэд ядуурлын төвшинд очдог. Ямар ч өмчийн баталгаа байдаггүй. Мөн хамтран амьдрагчийн заалт байхгүйгээс гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаа нь судалгаагаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, төрсөн эцэг  эхийнх нь зүгээс бус хамтран амьдарч байгаа этгээд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь илүүтэй байсан. Энэ асуудлыг онцгойлон хуулиар зохицуулж өгөх ёстой. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ч батлах юм. Үүнийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх байх. Бодлого ярихаасаа илүү хөрсөн дээр хэрхэн буух эсэхийг судалж үзэх ёстой. Хүүхдийн эрхийг дангаар нь авч үзээд амжилтад хүрэхгүй. Хүүхдийн эрх гэр бүлийн гишүүдээс ихээхэн хамаардаг. Тиймээс гэр бүлийн цогц бодлогын хүрээнд авч үзэх хэрэгтэй байна. Хүүхэд эрх нь зөрчигдөхөд хэнд хандахаа мэддэггүй. Гэтэл бид түүнийг давж яриад байдаг. Үүнийг бид эцэс болгох хэрэгтэй. Хүүхдийн лавлах утсыг мэддэг хүүхэд хуруу дарам цөөн. Бид ихэнх бодлогын баримт бичгийг ярихдаа “тэгнэ, ингэнэ” гэж ярих нь бий. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ тэдэнд ямар ч хамааралгүй байх жишээтэй. Хүүхдийн тусламжийн утасны дугаар хаа сайгүй байх ёстой. Мөн хүүхдэд зориулсан сэтгэл судлаач манайд дутагдалтай байна. Энэ салбарын мэргэжилтэнг бэлтгэх нь чухал байгаа. Бид сэтгэл судлаачдыг хүүхэд, гэр бүлд туслах төв байгуулах санал гаргасан. Төр хүнтэйгээ ажиллах ёстой.

-Хүүхэд хамгааллын чиг­лэлээр төсөвт хэдий хэм­жээний мөнгө суусан бай­даг вэ? Маш бага тоо сон­сог­дож байсан.

-Манай улс үнэт зүйл рүүгээ мөнгө бага төсөвлөж, уул уурхай, байшин барилгад маш их мөнгө зардаг. Хүүхдийн хүмүүжил, хүний хөгжилд бараг мөнгө зарцуулдаггүй. Боловсролын салбарт багш сур­ган хүмүүжүүлэгчдийн ца­лин хангамж, сургууль, цэ­цэрлэгийн засварын ажилд зарцуулж буй мөнгөө хүүхдэд өгч байна гэж ойлгоод байдаг. Гэтэл эдгээр нь материаллаг зүйлс шүү дээ. Хүүхдэд өөрт нь чиглэсэн бодлого байх ёстой. Манайд нийгмийн ажилтан ажиллах боломж нөхцөл байдаггүй. Нэг газар хүүхдийн эрх зөрчигдлөө гэхэд нийгмийн ажилтан очиж ажиллах боломж хомс. Төсөв мөнгөн дээр их зүйл гацаж байгаа. Хүүхдийн чиглэлээр ажиллах боловсон хүчин манайд бий. Тиймээс энэ чиглэл рүү түлхүү ажиллана. УИХ-д эмэгтэй гишүүд цөөхөн байсантай холбоотойгоор энэ асуудал орхигдсон учир одоо нэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнийг бид ярилцах шаардлагатай байгаа. Нийгмийн сэтгэхүйг өөрчлөх цаг болсон.

-Гадаадын хөрөнгө оруу­лалт 70 хувиар буурснаас эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа гэж ярих болсон. Эдийн засагч хүний хувьд энэ байдлыг та хэрхэн дүгнэх бол?

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь хэд хэдэн талтай. Манайх бүтээгдэхүүнээ экспортолдог урд хөршийн зах зээл нэлээд буурах хандлагатай болсон. Үүнийг дагаад уул уурхайн экспорт багассан учир хөрөнгө оруулагчид ашиггүй хэмээн үзэж Монголоос түр хугацаагаар гарч байна. Энэ мэтийн асуудал эдийн засагт нөлөөж байгаа. Бид хөрш орон ийм байна гээд зүгээр хараад сууж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг хууль эрхзүйн хувьд таатай болгох нөхцөлүүдийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт газрын тосны чиглэлээр ажиллаж бүтээгдэхүүн гаргахад гадаадаас орж ирж буй тоног төхөөрөмж, технологийг гааль болон НӨАТ-өөс чөлөөлсөн. 

-Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх ту­хай хуулийг баталсан. Мон­гол Улс хар дансанд ор­но гэхээс айж түүхий хууль баталчихлаа гэсэн шүүмж­лэл их байна лээ.

-Манай улс хар дансанд орсон бол илүү их сөрөг үр дагавартай байсан. Энэ хуулийг түүхий болсон гэж огтхон ч бодохгүй байна. Хууль батлалцах явцад хараад байхад 100 хувь сайн хууль байхгүй юм байна. Аливаа хуулийг батлаад хэрэгжүүлж эхэлснийх нь дараа цоорхойтой байгаа эсэх нь мэдэгддэг. Тиймээс хэрэгжиж байхад нь алдаатай байвал засч залруулж болно. Энэ нь огт батлахгүй байснаас хамаагүй дээр шүү дээ. Тамхины тухай хууль 100 хувь сайн хууль болоогүй л байх. Гэхдээ энэ хууль хэрэгжиж, байхад алдаа оноотой зүйл байвал засах нь илүү хялбар байна байх.  

С.Заяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш