Орхон, Дархан-Уул, Төв аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл ажлын хэсэг байгуулан, холбогдох газар, хэлтсийн ажилтнуудыг оролцуулж “ХАБЭА-н орчин нөхцлийг 2013-2016 онд сайжруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлууллаа.
Орхон аймагт 2009-2012 онд үйлдвэрлэлийн осол 73 бүртгэгдэж, 5 хүн нас барж, мэргэжлээс шалтгаалсан өвчний 53 тохиолдол шинээр бүртгэгдэж, даатгалын сангаас 213,8 сая төгрөг тэтгэвэр тэтгэмж, нөхөн төлбөрт зарцуулсан байна. ХАБЭА-н аймгийн шинэ хөтөлбөртөө 1000 ажилтанд ногдох үйлдвэрлэлийн ослын тоог 0,1-0,2 промиллоор буурсан байхаар тусгажээ. ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн түншлэгч талууд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг үр дүнтэй болгох, удирдлагын менежментийг 9-өөс дээш хүнтэй аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх, ХАБЭА-н талаарх сургалт мэдээллийн асуудлыг үр нөлөөтэй болгох олон асуудлыг хөтөлбөртөө тодорхой оруулсан байна.
Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөл аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө 35 асуудал тусгасан байна. ХАБЭА-н холбогдолтой хууль тогтоол, журмын талаар гарын авлага ном хэвлүүлж, дэд хөтөлбөр, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө номондоо оруулж, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн байна.
Дархан-Уул аймгийн ХАБЭА-н зөвлөл өнөөгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, 2016 онд хүрэх түвшингээ тодорхойлж, дэд хөтөлбөрөө мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан байна. ХАБЭА-н хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, үйлдвэрлэлийн осол, зөрчил буурч, стандартын шаардлага хангасан ажлын байрны тоо 30 хувиар нэмэгдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА-н урьчилан сэргийлэх зан үйл төлөвшиж, хөтөлбөр хэрэгжих хугацаанд 100 ажилтанд ногдох үйлдвэрлэлийн ослын тоо 20 хувиар буурна гэжээ.
Харин Төв аймгийн хувьд ХАБЭА-н орчныг сайжруулах дэд хөтөлбөртөө 6 үндсэн зорилт дэвшүүлсэн байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардагдах төсвийг аймаг, сумдын жил жилийн төсөвт тусган батлуулж, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахаар болсон байна.
Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, ХАБЭА-н салбар зөвлөлөөс ХАБЭА-н дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь орон нутгийнхаа түвшинд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, сувилах, ХАБЭА-н менежмент систем нэвтрүүлэх, ХАБЭА-н мэдээ мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, энэ чиглэлээр шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна.
Хөдөлмөрийн сайд аймаг, нийслэлийн засаг дарга нартай 2013 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд ХАБЭА-н салбар зөвлөл байгуулах үйл ажиллагааг жигдрүүлж, идэвхжүүлэх, ХАБЭА-н орчныг сайжруулах аймаг, дүүргийн дэд хөтөлбөр боловсруулж, энэ 4 жилд хийх бодлого, чиглэлээ тодорхойлж ажиллахыг тусгаж өгсөн.
Бусад аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлүүд дэд хөтөлбөрөө бүтээлч, шинэлэг байдлаар боловсруулж, аймгийнхаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлэх асуудлыг энэ оны эхний хагас жилд багтаан хийх хэрэгтэй байна.