logo
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

2013/06/13

Эрүүл мэндийн Сайд асан Н.Хүрэлбаатарын талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа, бидний үзэж байгаагаар, туйлшрал, хэтрүүлэг давамгайлсан олон мэдээлэл бидний сэтгэлийг ихэд зовоож байгаа учир түүнтэй олон жил хамт ажилласан, тэр хүнийг хүнийх нь хувьд ч, ажил үйлийнх нь хувьд ч сайн мэдэх хүмүүсийн хувьд бид санал бодлоо илэрхийлэх нь хүнлэг хандлага, нөхөр ёсны ариун үүрэг гэж үзэж байна.

1. Сайд асан Н.Хүрэлбаатарт өөрт нь болон гэр бүлийнхэнд нь түүний хэрэгт холбогдсон тухайд хэнээс ч, ямар ч мэдүүлэг ирүүлээгүй, хэрэгтэн болох нь нотлогдоогүй байхад улсын Ерөнхийлөгчөөсөө эхлэн түүнийг авлигчнаар нь дуудан, ардчилсан орны хууль, хүний эрх, шударга ёс, хүнлэг харилцааг хөсөрдүүлсэн муухай үйлдэл гаргасан явдалд бид машид харуусаж байна.
Ийм тохиолдолд бид Монголд хууль гэж байна уу, монголчууд бид эрхзүйт, ардчилсан нийгэм байгуулж чадах уу, үгүй юу гэдгийг асуухад хүрч байгаа билээ.

2. Сайд асан Н.Хүрэлбаатар хэдийгээр хариуцаж асан ажил албанаасаа чөлөөлөгдсөн ч, өөрийн салбарын ажилд цаг ямагт санаа тавьж явдаг хүний хувьд идэвх санаачлагаараа олон ажил гүйцэлдүүлж явахад нь гэнэт “Интерпол-оор дамжуулан эрэн сурвалжилж байна” гэх зэргээр хууль бус мэдээлэл хийж, Төрд ажиллаж байсан, жир сэхээтэн хүнийхээ нэр төрийг гутаан доромжилж, олон нийтийн санаа бодлоор тохуурхан даажигнасан нь зүйд үл нийцэх бусармаг явдал болсон гэж бид эрс шүүмжилж байна.

3. Эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаж, асрагч, сувилагчаас нь эхлэн Төрийн сайдын албыг нь хүртэл мэргэжлийн өндөр төвшинд, чадварлаг хичээнгүй хашиж ирсэн хүндээ ийн хууль бусаар хүйтэн цэвдэг хандаж байгаа ньЭрүүл мэндийн салбарын нийт ажиллагсадын дургүйцлийг төрүүлж байгааг эрх бүхий хүмүүс, хууль, хяналтын байгууллагынханд сонордуулж байна.
Энэ байдал “Монгол төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг хатуу үгийг аргагүй санагдуулж байгаа юм.

4. Монгол оронд эдүгээ улстөржилт, эрх мэдлийн дарангуйлал цадигаа алдан, нийгмийн санаа бодлыг элдэв олон “цочирүйлдэл”-ээр үймүүлж, ардчилалын үнэ цэнэт зүйлсийг уландаа гишгэж байгаа нь иргэдийн өөртөө итгэх итгэлийг алдагдуулж, талцал, өш хонзонгийн уур амьсгал, гутранги байдлыг газар сайгүй бий болгож байгаад иргэдийн сэтгэл зовниж, улс орны болоод хүн ардынхаа ирээдүй, хувь заяаны тухайд эрхгүй санаа тавихад хүргэж байна.
Ийм байдал улс орны дотоод амьдралд төдийгүй гадаад орчин нөхцөлд ч нөлөөлнө гэдгийг умартах учиргүй юм.
Сайд асан Н.Хүрэлбаатарт хандаж байгаа хууль бус, хүнлэг биш байдал нь Монголын нийгмийн өнөөгийн улстөрийн амьдралын бодтой нүүр царайг илтгэн харуулж байгааг ард түмэн сайн ойлгож байгаа билээ.
Асуудалд нэг талыг барьж туйлшралгүй, хэт дөвийлгөж, гуйвуулж мушгилгүй, чигч шударга хандаасай гэж хүсэж байна.

5. Ерөнхийлөгчийн сонгууль бол улс орны хөгжил, ард түмний ахуй амьдрал, нийгмийн хөгжлийн ирээдүйтэй амин холбоотой, шийдэл, шийдвэр нь улс орны хувь заяаны асуудал байдаг учраас сонгуульд ялахын тулд ард түмнийхээ итгэлийг хүлээж, эв нэгдлийг хангахын оронд маргааш үгүй мэт улайран, бүхнийг харлуулж, хэт улстөржин, бүх асуудлыг гагцхүү нэг л зорилгод чиглүүлэн туйлшрах нь монголчууд бидний амьдрал, хэт ирээдүйд хэзээ ч сайнаар нөлөөлөхгүй гэдгийг холбогдох хүмүүс ойлгоно гэдэгт өчүүхэн ч үл эргэлзэн, Табүхэнд итгэл найдвар тавьж, монголхүний ёсоор хандаж байна.

АУИС-ийг 1991 онд төгсөгчидөөс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш