logo
Нийслэлчүүдийн ундны усны нөөцийг 2040 он хүртэл баталгаажуулна

Нийслэлчүүдийн ундны усны нөөцийг 2040 он хүртэл баталгаажуулна

2013/06/14
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр анх удаа Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж,түүхэн шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн удирдлагууд болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын холбогдох албаныхан оролцсон хуралдаанаар “Гадаргын усыг ашиглан усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан сангийн цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай”, асуудлыг хэлэлцлээ.
“Усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан сангийн цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай” асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Танилцуулгад “Улаанбаатар хотын хүн ам 2020 онд 1,5 сая болж, усны хэрэгцээ 294 мянган шоометр, 2030 онд 1,8 сая болж, усны хэрэгцээ 510,7 мянган шоометр болох тооцоо гарч байгаатай уялдуулан усны нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа учир гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угсралтын ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Гадаргын усны эх үүсвэр буюу Туул гол дээр усан цогцолбор байгуулах судалгааг 1981 оноос хойш хийж байсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болж байгаагүй юм. Урьдчилсан байдлаар судалгаа хийгээд хамгийн оновчтой байршлыг Туул, Тэрэлжийн бэлчирийн 4164 км.кв газар нутаг гэж сонгосон бөгөөд 5 жилийн хугацаанд усан цогцолборыг байгуулж, нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг 100 хувь хангах юм. Ингэснээр 2040 он хүртэлх ундны усны нөөцийн баталгаа бий болно.Энэ аргыг дэлхийн улс орнуудын 80 орчим хувь нь хэрэглэдэг байна.Мөн хамгийн гол нь урсац нь жил ирэх бүр багасаж буй Хатан Туул голын урсацыг нэмэгдүүлж, тогтвортой түвшинд байлгах, тухайн орчны агаарын чийглэг нэмэгдэх давуу талтай” гэж үзэж байгааг онцоллоо. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд Ундны усны эх үүсвэр, урсацыг нь сайжруулах хүрээнд дагуул хотуудыг хөгжүүлэх тухай асуудал тусгагдсан бөгөөд энэ ажлын эхлэл болж байгаагаараа онцлогтой. Цаашлаад усан санг тойруулан аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгох зорилготой байгаа юм. Харин нийслэлийн удирдлагууд  байгаль орчны эрсдлийн үнэлгээ, археологийн судалгаа хийсэн эсэх, холбогдох яам, албаныхантай зөвшилцөж, тэдний саналыг тусгасан эсэх талаар тодруулсан. Судалгаа, дүн шинжилгээг бүрэн хийсэн бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргаанаас асуудлыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Харин нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Усан санг байгуулахдаа орчин үеийн шинэ технологи хэрэгжүүлэх хэрэгтэй, хоцрогдсон системээр байгуулвал хэдхэн жилийн дараа дахин хөрөнгө гаргах шаадлагатай болно”,  нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Усны нөөцийг тогтоож, баталгаажуулан, хамгаалалтад авах хэрэгтэй”, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Засгийн газрын тусгай хэрэгцээнд оруулах талаар тусгай заалт оруулах нь зүйтэй” гэсэн саналуудыг гаргаж, энэ асуудлыг дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Монгол улс шиг өдөрт хэдэн шоо метрээр нь усаа гаргадаг  улс манайхаас өөр байхгүй. Монголоос урссан усыг Хятад улс цуглуулан олон усан сан байгуулаад байна.Тиймээс үүнийг зогсоож, өөрсдөө ашиглахад энэ ажил хамгийн том шийдэл болох юм. Хот өөрөө дэргэдээ тусгай нэгж байгуулж, хамгийн туршлагатай гэсэн улстай хамтран ажиллая. Энэ нь 2040 он хүртэлх нийслэлчүүдийнхээ ундны усны эх үүсвэрийг шийдвэрлэсэн түүхэн ажил болох юм” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш