logo
“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

2013/06/21

Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын шинэ дэвшилтэт технологийн төвийн хурлын танхимд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Хөтөлбөрийн хэлэлцүүлэгт нийслэл дүүргийн ахмадын хороодын дарга нар болон идэвхтэн сонгуультан, дүүргийн ахмадын эмч нар, ахмадын төлөөлөл зэрэг 145 настан оролцов.  Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд нээж, нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож эрүүл насжилтын талаар настнуудтай санал сэтгэгдлээ хуваалцаж, зөвлөгөө өгсөн нь оролцогч ахмадуудын сэтгэлийг сэргээсэн урамтай үйл ажиллагаа боллоо.

Мөн Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Сургалт судалгаа гадаад харилцааны албаны дарга Н.Занди хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус танилцуулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр 17 ахмад хөтөлбөртэй холбоотой санал, шүүмж, анхаарах зүйлсийг дэвшүүлж, 9 ахмад бичгээр саналаа ирүүлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч настнуудын дэвшүүлсэн санал сэтгэгдлийг нэгтгэн ажлын хэсэгт танилцуулахаар шийдвэрлэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш