"Дээлтэй Монгол" наадам жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэхүү наадам ирэх сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд долоо дахь удаагаа болохоор болжээ. Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь Монголчуудын оюуны цар хүрээ, соёлын түвшин өндрийг илтгэж байдаг ажээ. "Дээлтэй Монгол" наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах , хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.