logo
Гаж сэтгэгчдийн бас нэг амжилт

Гаж сэтгэгчдийн бас нэг амжилт

2011/05/10
Хачин сонин содон зүйл сэддэг хүмүүс улс бүрт байдаг. Тэд хамгаалалтгүй цамхагт авирч, хамгаалалтгүй баавгайг тэвэрч, матрын аманд толгойгоо шургуулж, усан дотор түгжүүлж аз туршдаг. Тэдний эгнээг тэлэгч Чилийн иргэн Хулио Мунос гэгч Өмнөд Америкийн Андын нуруунаас мотоциклтэй үсрэлт хийж, азаа амжилттай туршжээ. Зориг гэхээсээ илүү алдарших хүсэлдээ хэт автсан тэрээр өөрийн итгэлт сайн найз нартайгаа нийлэн 100 мянган доллар босгон энэ үйлдлээ санхүүжүүлсэн байна. Тэрээр эгц өндөр уулнаас нам дор газар руу үсрэн доош 900 метр орчим чөлөөт уналт хийж байгаад шүхрээ задалсан байна. Хулио Мунос энэ чөлөөт уналтаараа Чили улсыг дэлхийд алдаршуулахыг, бусдад илүү нээж харуулахыг зорьсон гэж тайлбарлаж байгаа аж.  Түүнд хэрэгтэй, шаардлагатай бартаат замын мотоцикл, видео камер болон бусад үсрэлтэд зориулагдах хэрэглэлийг Андын нурууны эгц уулын оройд нисдэг тэргээр аваачжээ. Хулио Мунос 3500 фут буюу 1000 гаруй метрийн өндрөөс мотоциклтойгоо үсэрч, шүхрээ дэлгэхээсээ өмнө агаарт мотоциклоо түлхэн зайлуулж, хэсэг хугацаанд чөлөөт уналт хийгээд шүхрээ задлан амжилттай газардсан аж. Мэдээж мотоцикл нь авах юмгүй болсон байна. Хулио Мунос энэхүү үсрэлтээ 3 жилийн өмнөөс бодож олж, бэлдсэний эцэст ийнхүү гүйцэтгэсэн байна. Одоо тэрээр дараа хаанаас азаа сорихоо судалж байгаа гэнэ шүү. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш