logo
Монголчууд Улаанбаатарт ажиллаад Төв аймагт сүндэрлэх Аэросити, Майдарситид амьдарна

Монголчууд Улаанбаатарт ажиллаад Төв аймагт сүндэрлэх Аэросити, Майдарситид амьдарна

2013/06/22
УИХ-ын дарга З.Энхболд Төв аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхдээ УИХ-ын 2012 оны намрын чуулган, 2013 оны хаврын чуулганаар батлагдсан хууль тогтоомжууд, мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж таниулсан юм. Тухайлбал, 2012 оны намрын чуулганаар батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулиар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах боломж иргэнд олгогдож байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэх нэг удаагийн энэ арга хэмжээнд хожимдолгүй хамрагдахын чухлыг тэрээр онцолж байв.

        Өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу малчид, тариаланчид өөр өөрийн нэр, регистр бүхий тамгатай болж, үйлдвэрлэлт, нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалтын хяналтын гинжин хэлхээний системийг нэвтрүүлснээр өнөө цагт иргэдийн санааг ихээр зовоох болсон аюулгүй хүнсний асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Сумдын хөгжлийн санд жилд 50-500 сая төгрөг өгч эхлээд 3 жил болж байна, энэ хугацаанд иргэд тус сангаас 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээл авч байгаа. Харин сангийн мэдээллийг энэ жилээс интернэтэд нээлттэй байршуулах болсноор орон нутгийн иргэд сангаа өөрсдөө хянах, зохицуулах эрх нь бүрэн утгаараа нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн намрын чуулганаар баталснаар энэ удаагийн сонгууль энэ хуулийн дагуу маш цэгцтэй явж байна. Түүнчлэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиуд өнгөрсөн намрын чуулганаар батлагдаад амжилттай хэрэгжиж байгааг УИХ-ын дарга хэллээ. Мөн Тамхины хяналтын тухай хуультай холбогдуулан Архины тухай хуулийг ирэх намрын чуулганаар батлан гаргахаар ажиллаж байгаа гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм.

        2013 оны хаврын чуулганаар батлагдсан хуулиудын тухайд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, газрын тосны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мод модон материалууд, нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусны импортыг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиуд, Ипотекийн зээлийг зохицуулах хууль, Чингис бондын талаар тодруулан тайлбарлав. Ипотекийн /моргейжийн/ буюу орон сууцны зээлийн тухайд ажилтай иргэн болгон энэ хуульд хамрагдах боломжтой. Энэ зээлд малчид ч хамрагдах бөгөөд тэдэнд таатай зээлийн төлбөрийн нөхцөлийг бүрдүүлж өгснөөр аж ахуйн онцлогтойгоо уялдуулан ноолуур гарах, мах нийлүүлэх үеэр жилийн төлбөрөө бөөнөөр нь төлж болох аж.

        Харин дараа дараагийн чуулганаар хэлэлцэгдэх хуулиудын тухайд Хүүхэд харах үйлчилгээний тухай, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Хилийн боомтын тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Мөрдөх албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Маршалын албаны тухай, Гэрч хохирогчийн тухай зэрэг хуулиудыг батлахаар хэлэлцүүлэгт бэлтгэж байгааг онцлон ярилаа.

        УИХ-ын дарга ярианыхаа төгсгөлд Төв аймагт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай болсноор, Улаанбаатарчуудын хүнсийг нийлүүлэх зах зээлд амжилттай өрсөлдсөнөөр, Богд хан уулын төмөр замтай, 1000 айлын орон сууцны хороололтой, Улаанбаатар-Зуунмод хотуудыг холбосон 17 км метротой болсноор Монголдоо хамгийн өндөр хөгжилтэй хотуудын нэг болох сайхан ирээдүй байгаа гэдгийг харж ажлаа дөрөвхөн жилээр биш, 20-30 жилээр төлөвлөн улам эрч хүчтэй ажиллахыг уриаллаа. Төв аймаг ингэж хөгжсөнөөр америкчууд Вашингтонд ажиллаад Виржиниад амьдарч байгаа шиг монголчууд Улаанбаатарт ажиллаад Төв аймагт сүндэрлэх Аэросити, Майдарситид амьдрах цагийг авчрахын төлөө ажиллах хэрэгтэй байна гэлээ.

        УИХ-ын дарга иргэдийн асуултад товч хариулт өгөөд зарим иргэдээс хууль тогтооомжийг боловсронгуй болгох чиглэлээр гаргасан саналыг анхаарч тусгана гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш