2009 оны 6 дугаар сард хоёр улсын ЭМЯ хооронд “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичиг”-т, 2011 oны 5 дугаар сард “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Эрүүл мэндийн яам хооронд Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах чиглэл тодорхойлогдон, харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин, хурдацтайгаар өргөжиж байгаа юм.
Манай улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Улрике Флах болон холбогдох албаны хүмүүс хөтөлбөрийн хүрээнд хамтарсан симпозиумын нээлт, хоёр улсын ЭМЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтанд оролцсоноос гадна Улсын 3-р төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын 1-р төв эмнэлэгт хэрэгжиж буй төслийн хэрэгжилтийн явцтай танилцсан бөгөөд Азийн хөгжлийн банк, GIZ байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцтай танилцсан байна.
Хоёр улс эрүүл мэндийн салбарт хүүхдийн цусны өмөн үүгийн оношлогоо- эмчилгээний чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүдийг харилцан солилцох, эмчилгээний шинэ протокол нэвтрүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, Зүрхний мэс заслын эмч, сувилагч нарыг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, Сүрьеэтэй тэмцэх талаар хамтран ажиллах, хоёр талын мэргэжилтнүүдийг харилцан солилцох, мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр болон халдварт өвчинтэй тэмцэх, гепатит В, С вирусыг эртнээс оношлох, эмчлэх чиглэлээр зарим нэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Дээрх чиглэлийн хүрээнд 2009-2011 оны хооронд ХӨСҮТ-ийн сүрьеэ, халдварт гепатитын тасгийн эмч нар 2 cарын хугацаатайгаар ХБНГУ-ын мэргэжил дээшлүүлэх курст суралцсан бөгөөд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн клиникийн цусны хорт хавдрын тасгийг Вурьцбургийн их Сургуулийн дэргэдэх Хүүхдийн Эмнэлгийн өмөн үүг эмчлэх төвтэй холбож, хамтын ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Тус төвийн Цусны эмгэг судлалын тасгийн нийт 11 их эмч 3 сарын хугацаатайгаар, 2011 онд нэг их эмч 3 сарын хугацаатайгаар ХБНГУ-д мэргэжил дээшлүүлээд байна. 2012 онд Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн Зүрхний төвөөс зүрх судасны 2 их эмч Германд 6 сарын хугацаатайгаар нарийн мэргэших сургалтанд хамрагдсан байна.
Хөрөнгө оруулалтын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд ХБНГУ-аас ЭХЭТҮТ-д 300 гаруй мянган еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, Шастины нэрэмжит төв эмнэлгийн Зүрхний төвд 327,5 мянган еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг тус тус хандивласан нь ашиглалт маш өндөртэй байгаа бөгөөд Монгол улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, шинээр үүсгэн байгуулагдсан Зүрхний төвийн тоног төхөөрөмжийн баазыг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.