Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах чиглэлээр тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өглөө.
"Эрдэнэс Тавантолгой" ХК Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог. Сум дамнасан энэ тээвэрлэлтээс байгаль, хүнд учруулж буй хор хохирлыг бууруулах, нөгөөтэйгүүр төрийн өмчит компанийн үйл ажиллагааны зардал хэмнэх гарцыг Засгийн газар эрэлхийлж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХКирэх гурван жилд Цагаан хадны гаалийн бүсэд нүүрс ачиж, буулгахад 68.8 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа, хэрвээ ийм бүс байгуулбал жилдээ ердөө 4.5 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал гаргана гэж урьдчилан тооцоолжээ.
Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг 2006 оны 12 дугаар сард байгуулсан. Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас нүүрс тээвэрлэлтэд хяналт тавих гол цэг гэх нэртэй ч одоо агаар, ус, хөрсийг их хэмжээгээр бохирдуулагч гол эх үүсвэр болоод байна.