logo
Д.Гүньбазар: Эрсдэлд суурилсан хяналт, шалгалт үр дүнгээ өгч эхэлсэн

Д.Гүньбазар: Эрсдэлд суурилсан хяналт, шалгалт үр дүнгээ өгч эхэлсэн

2013/06/24

МХЕГ-ын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын Ерөнхий байцаагч Д.Гүньбазартай тус байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

-Ярилцлагынхаа эхэнд Танд мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн баярын мэнд хүргэе. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг танай байгууллагын хувьд ам бүл олон, янз бүрийн мэргэжлийн хүмүүс ажилладаг байх. Та хамт олныхоо талаар танилцуулаач?

-Манай байгууллага 21 аймаг, нийслэл, дүүрэг, 26 хилийн боомтод нэгжтэй. Нийтдээ 1600 гаруй улсын байцаагч, 400 гаруй ажилтан, төрийн үйлчилгээний ажилтнууд ажиллаж байна. Олон салбар чиглэлийн хяналтыг хэрэгжүүлдэг учраас мэргэжил мэргэжлийн тухайлбал, багш, эмч, эрүүл ахуйч, хүнсний технологич, малын эмч, агрономич, нягтлан бодогч, эдийн засагч, барилга, уул уурхай, эрчим хүч, тээврийн гээд нарийн мэргэжлийн инженерүүд ажилладаг. Ер нь нийт ажилтнуудыг мэргэжлийн чиглэлээр авч үзэхэд, статистик үзүүлэлт ойролцоо түвшинд байдаг ч эрүүл ахуйч, инженер мэргэжлийн хүмүүс бусдаас арай илүү тоогоор ажилладаг.

Тархан байршсан байдлыг авч үзэхэд, нийт ажилтнуудын 45 хувь нь аймагт, 32 хувь нь нийслэл дүүрэгт, 12 хувь хилийн боомтуудад ажиллаж байна.

Манай хамт олон дотор олон тэргүүний ажилтан, өндөр мэргэжлийн, мэргэшсэн, төрийн албанд шударга, хоёргүй сэтгэлээр ажилласан, ажиллаж байгаа олон хүмүүс байгаа. Ер нь манай хамт олон хариуцсан ажилдаа итгэлтэй, сэтгэлтэй, их хүчин чармайлттай ажилладаг хамт олон гэж би боддог.

Хяналтын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд манай хамт олон ихээхэн сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байна. Манайд хамт олон дотор олон салбар, мэргэжлийн хүмүүс ажилладаг нь харилцан бие биенээсээ суралцаж, мэдлэг туршлагаа хуваалцаж, олон талын мэдлэг, мэдээлэлтэй болж түүнийг ашиглаж ажиллаж чаддаг давуу талбайдаг. Үүний үр дүнд бид салбарын болон салбар дундын шинжтэй хяналтыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж чадаж байна.

Энэ дашрамд МХЕГ-т болон аймаг, орон нутаг, хилийн боомтод ажиллаж байгаа нийт улсын байцаагч, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсч, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

-МХЕГ-ын үйл ажиллагаа шинэчлэл рүү чиглэж байгаа. Эрсдэлд суурилсан хяналт, шалгалт нэлээд үр дүнтэй байгаа бололтой. Энэ талаар?

-Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, хяналт шалгалтын шинэ зарчмуудыг эрх зүйн хувьд баталгаажуулсны дагуу мэргэжлийн хяналтын байгууллага сүүлийн гурван жилд хяналт шалгалтын шинэчлэлийг эхлүүлж, эрсдэлд суурилсан хяналт хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах 29 шалгуур үзүүлэлтийг Засгийн газрын тогтоолоор батлуулж, улмаар энэ шалгуураар хяналтын объектуудаа үнэлж,эрсдэлийн ангиллыг тогтоож, улмаар энэхүү үнэлгээгээ үндэслэн хяналт шалгалтаа төлөвлөн хэрэгжүүлж байна. Дээрх шалгуур үзүүлэлтийг ашиглан 2011 онд хяналтын объектуудын эрсдэлийн үнэлгээг анх удаа хийж, түүнд тулгуурлан өнгөрсөн оны хяналт шалгалтынтөлөвлөгөөг эрсдэлд суурилсан төлөвлөлтийн арга зүйгээрхийсэн. 2012 онд 97 чиглэлийн хяналт шалгалтыг 19690 объектод явуулахаар төлөвлөж, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу олон нийтэд зарлан мэдээлсэн.2013 онд хяналт шалгалтыг өмнөх жилтэй харьцуулахад 20 хувиар бууруулж төлөвлөн, үйл ажиллагааныхаа 40 хувьд хяналт шалгалт, 40 хувьд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлтийг хийж, зөвхөн хяналт шалгалтаар бус зөвлөн туслах үйлчилгээ, салбарын сургалт, байгууллагын сургалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, бууруулах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэн ажиллаж байна.  

-Хяналт, шалгалтыг бодитой, үр дүнтэй байлгахын тулд Эрсдэлийн баг гаргасан гэж байсан. Уг багийн чиг үүрэг, ажлын үр дүнгийн талаар сонирхуулаач?

-Хяналтын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ онд Эрсдэлийн удирдлагын багийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  холбогдох хяналтын чиглэлийн улсын байцаагчдаас сонгон бүрдүүлж,ажиллуулж эхэллээ. Энэхүү баг нь эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг удирдах, эрсдэлийг бууруулах, эрсдэлийн нэгдсэн сан бүрдүүлэх, хяналт шалгалтын төлөвлөлт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гарын авлага, зөвлөмжөөр хангах, бизнесийн байгууллагуудад эрсдэлийг бууруулах зөвлөмж өгөхөд шаардлагатай мэдээллээр хангах зэрэг эрсдэлийн удирдлага, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Түүнчлэн МХЕГ-ын дэргэд аюулгүй байдлын хяналтын чиглэлээр мэргэжлийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн бус байгууллага, яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн “Эрсдэлийн удирдлагын орон тооны бус зөвлөл” байгуулан хамтран ажиллана.  

-Хэдэн жилийн өмнө хяналтын хуудас гэх цаг хугацаа болон хөдөлмөр бага шаардах хяналтын аргыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнгийн талаар?

-Үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд хийгдсэн нэг томоохон ажил бол хяналтын чиглэл бүрээр хяналтын хуудас боловсруулан гаргаж, үйл ажиллагаандаа хэвшүүлсэн явдал юм. Хяналтын хуудсыг шинээр боловсруулж, 2011 оноос хяналт шалгалтад ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдөр нийтдээ 160 гаруй хяналтын хуудсыг хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Хяналтын хуудас хэрэглэснээр хяналт шалгалт, шийдвэр гаргах үйл явц шалгуулагч этгээдэд ил тод, ойлгомжтой болж байгаагаас гадна тухайн объектын эрсдэлийн түвшинг бодитой тодорхойлох боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн хяналтын хуудсыг хэрэглэх ажил жигдрэх тусмаа хяналтын хуудсууд улам боловсронгуй болж, улсын байцаагчдын төдийгүй шалгуулагчдийн талархлыг хүлээж байна.

Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Хяналт шалгалтын удирдлага, мэдээллийн систем”-ийгбайгуулах ажлыг эхлүүлж, хяналт шалгалтын өнөөгийн байдлын судалгаа шинжилгээ хийж, системийн ирээдүйн загвар буюу программ хангамжийн өгөгдлийн сангийн загварыг боловсруулж, мэдээлэлд суурилсан удирдлагын шийдвэр гаргах менежментийн шинэ арга туршлагыг нэвтрүүлэх суурийг тавилаа. Энэхүү мэдээллийн системийг нэвтрүүлснээр хяналт шалгалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт боловсронгуй болж, хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сантай болж, мэдээллийн урсгал сайжирч, улмаар эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын төлөвлөлт, зохицуулалт, тайланшуурхай, оновчтой болно гэж үзэж байна.  

-МХЕГ зөвхөн шалгаж, хянах бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт нэлээд зохион байгуулдаг болсон. Энэ ажлынхаа талаар?

-Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчид хуульд заасан үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, зөрчил гаргагчдад хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг.

Энэ онд хяналт шалгалтаас гадна эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглүүлэн соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, сургах, сурталчлах ажилд онцгой анхаарч, нийтдээ 6295 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Зөвлөн туслах үйлчилгээний гол зорилго нь аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар зөрчил, дутагдал, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэгдэж байна. 

Зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхтэй холбоотойгоор зөвлөн туслах ажлын зааврыг баталж, хяналтын хуудсанд тусгагдсан асуудлаар зөвлөмж зөвлөгөө боловсруулах, байцаагчдад зориулсан сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх арга зүйн талаар видео хичээл бэлтгэх зэрэг ажлуудыг хийж байгаагийн зэрэгцээ улсын байцаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.  

-Аж ахуйн нэгжүүдэд дотоодын хяналт үгүйлэгдэж байгаа тухай өмнө нь олон жил ярьсан. Харин сүүлийн хоёр жилд энэ тухай төдийлэн сонсогдохгүй байх шиг. МХЕГ-аас 2011 оноос хойш хэрэгжүүлсэн ажил нэлээд үр дүнгээ өгч байна гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-аар аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулж өгсөн нь аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний явцад тавигдах байнгын хяналтыг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажил үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжид өөрт нь шилжүүлж, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсний зэрэгцээ төрийн хяналтын хамрах хүрээг багасгаж, эрсдэлтэй салбар, үйл ажиллагаа, эрсдэлтэй цэг дээр хяналтыг төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Тус журмын хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналтыг бий болгох, төлөвшүүлэх зорилгоор тус газраас удирдамж, төлөвлөгөө гарган аж ахуй нэгж, байгууллагуудад хандсан сургалт сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд явуулж байгаагийн үр дүнд Монгол Улсад аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналтын тогтолцоо бий болж, аж ахуйн нэгж, байгууллагууд дотооддоо хяналтын нэгж, хянан шалгагч нартай болж, өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт тавьж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалан, нийгмийн хариуцлагаа өндөрсгөжбайна. Энэ маань Монгол Улсад хууль тогтоомжийг мөрдүүлэх, бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт шаардлагыг хангуулахад ихээхэн ач холбогдолтой. 

-Дотоод хяналтыг сайжруулах талаар сургалт, зөвлөгөөн нэлээд зохион байгуулж байгаа байх ?

-Өнгөрсөн онд аж ахуйн нэгж байгууллагуудад дотоод хяналтыг зохион байгуулах шаардлага, ач холбогдлыг ойлгуулах, дотоод хяналтын журмыг хэрхэн боловсруулах, журмын дагуу хэрхэн хяналт тавьж өөрийн үйл ажиллагааг хууль, дүрэм, стандартад нийцүүлэх талаар зөвлөгөө зөвлөмж, мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү зохион байгуулж, нийтдээ 886 удаагийн сургалтыг зохион байгуулж, үүнд 6049 аж ахуйн нэгж байгууллагын 24378 удирдах болон дотоод хяналтын ажилтнууд хамрагдсан.

2013 онд мөн дотоод хяналтын чиглэлээр улсын хэмжээнд нийт 241 сургалтыг Улаанбаатар хотод болон таван аймагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөснөөс хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгжүүдэд 40 гаруй удаагийн сургалтыг зохион байгуулаад байгаагийн зэрэгцээ байгууллага аж ахуйннэгжүүдийн хүсэлтээр дотоодын хяналт шалгалтын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар иж бүрэн сургалтыг тухайн газар дээр нь зохион байгуулан ажиллаж байна.  

-Төрийн байгууллагууд нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэхээр багагүй хөдөлмөрлөж, одооноос овоо цэгцэрч байна. Танай байгууллагын хувьд энэ систем хэр үр дүнтэй байна вэ. Ялангуяа хил, гаалийн хяналт, шалгалтыг энэ үйлчилгээ нэлээд хөнгөвчлөх ёстой байх?

-Хилийн боомт, гүний терминалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг цахим нэг цонхны системд шилжүүлж гадаад худалдааг хөнгөвчлөх, баримт бичгийн бүрдүүлэлт, зардал, хугацааг багасгах чиглэлээр Олон улсын Санхүүгийн корпораци болон Гааль, хилийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Улсын хилээр нэвтрэх бараа, бүтээгдэхүүнийг хүн, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэлээр нь их, дунд, бага гэж ангилах эрсдэлийн ерөнхий болон дэд шалгуур үзүүлэлтийг, мөн бараа бүтээгдэхүүнийг  гарал үүслийн улс болон импортлогч, үйлдвэрлэгчээр нь үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

Эдгээр шалгуур үзүүлэлтээр импортын амьтан, ургамал, бодис, бараа, бүтээгдэхүүнийг үнэлж эрсдэлийн ангилалд хамааруулах ажлыг урьдчилсан байдлаар хийж гүйцэтгээд байна. Энэхүү үнэлгээнээс харахад, Олон улсад хэрэглэгддэг Барааг кодлох, тодорхойлох, уялдуулсан систем/БТКУС/-ийн кодоор найман орны түвшинд ангилагдаж кодлогдсон нийт 5714 төрлийн бараанаас хилийн мэргэжлийн хяналт 2149 төрлийн барааг шалгана гэсэн тоо урьдчилсан байдлаар гарч байна. Эдгээр бараанд амьд амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, эм, эмийн бодис зэрэг бараа, бүтээгдэхүүн хамаарна.

Үлдсэн 3500 гаруй нэр, төрлийн барааг шалгахгүйгээр гаалийн хяналтад шууд шилжүүлэхээр тооцож байгаа ба ингэж чөлөөлснөөр улсын хилээр импортлогдож буй нийт бараа, бүтээгдэхүүний 63.0 орчим хувийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгахгүй болж байна.  

-Эрсдэл багатай импортын бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрэх үед мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийхгүй гэсэн үг үү?

-Тухайн бага эрсдэлтэй бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа бохирдол үүссэн гэдгийг олон улсын шуурхай мэдээлэх системээр мэдээлэх, тухайн импортын бүтээгдэхүүн нь импортлогдоод ороод ирсний дараах хяналт шалгалтаар хүн, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэлтэй болох нь тогтоогдох, мөн тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн улсад нь тухайн бүтээгдэхүүнд нөлөөлж болзошгүй цацраг болон химийн бохирдол, хүн, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага тухайн бүтээгдэхүүний эрсдэлийн ангиллыг өөрчилж, хилээр нэвтрэх үед нь хяналт шалгалт хийнэ.  

-Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хилийн боомтод эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлж, хилээр нэвтэрч байгаа бүх бараа, бүтээгдэхүүнийг шалгахаас татгалзсанаар импортлогч аж ахуйн нэгж байгууллагын хилийн боомт дээр зарцуулах цаг, хугацаа багасаж, тодорхой хэмжээний зардал хэмнэнэ, нөгөө талаас эрсдэл ихтэй бүтээгдэхүүнд хүн хүчээ төвлөрүүлж ажиллах боломж бүрдэнэ. Мөн лабораторийн шинжилгээг зөвхөн эрсдэл ихтэй бүтээгдэхүүнд хийснээр импортлогчдын болон мэргэжлийн хяналтын байгууллагын зардал хэмнэгдэнэ, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн тохиолдолд баримт бичгийн болон биет үзлэг хийх,  бага эрсдэлтэй тохиолдолд зөвхөн баримт бичгийн хяналт шалгалт хийснээрээ хилийн боомтод зарцуулах цаг хугацаа, боомтын ачааллыг багасгах ач холбогдолтой юм.  

-Хүнсний тухай хууль шинэчлэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд гурван сар боллоо. Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн үү ?

-Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай  хууль шинээр болон шинэчлэн батлагдаж, энэ оны гуравдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний сүлжээнд тавих хяналтын чиг үүрэгтэй холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Засгийн газрын тогтоолоор батлах “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, дахин боловсруулах, устгах журам”, “Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журам”, “Үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам, “Эрсдэлийн үнэлгээний багийн ажиллах журам”-уудыг боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж батлуулж байна.

Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэх ажлыг эхлүүлж, бүртгэлийн маягт, заавар зөвлөмжийг батлан мөрдөж ажиллаж байна. Энэ оны тавдугаар сарын 29-ний байдлаар, Монгол Улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 2904 аж ахуйн нэгж, 3745 иргэн мэдээлийн санд бүртгэгдээд байна.

Хүнсний тухай багц хуулиудыг сурталчлах, хуулийг хэрэгжүүлэх, дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мэдээллийг бүртгэх зэрэг асуудлаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад  зориулсан, мөн хүнсний бөөний худалдаа эрхлэгч, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид, малын эм үйлдвэрлэл эрхлэгч нийт 400-гаад бизнес эрхлэгчдийг хамруулан сургалт зохион байгуулаад байна.

Танай байгууллагын 2013 оны үйл ажиллагаа юунд чиглэж байна ?

-Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх” зорилт тусгагдсаны дагуу тус газраас 2013 онд олон нийтийг эрсдэлээс хамгаалах урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үр нөлөөтэй механизмыг бий болгож төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2013 онд төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд 11565 объектод хяналт шалгалт хийж, нэг өдрийн сургалт зохион байгуулахаар, салбарын 44 сургалтыг нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөтэйгээр улсын хэмжээнд тухайн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулахаар, 6295 объектод зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллахаар төлөвлөсөн. Эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт ажлын хэрэгжилт 57.1 хувьтай байгаа ба хийгдсэн хяналт шалгалтын дүнг даргын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш