logo
Хурдан морь унаач хүүхдийг жилийн турш 500 мянгаар даатгадаг болов

Хурдан морь унаач хүүхдийг жилийн турш 500 мянгаар даатгадаг болов

2013/06/27
Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/-аас санаачлан Монголын Морин спорт уяачдын холбоо болон даатгалын компанийн төлөөлөлтэй уулзаж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, гэмтсэн тохиолдолд эмчилгээнд хамруулах, даатгалын мөнгийг нэмэгдүүлэхээр ярилцлаа.

Өмнөх жилүүдэд нэг хүүхдийг 5000 төгрөгөөр даатгадаг байсан бол энэ жил 500 мянган төгрөгөөр бүтэн жилийн хугацаанд даатгадаг болох саналыг талууд гаргав. Ингэснээр унаач хүүхэд хурдан морь унах үедээ унаж бэртсэн болон өөр шалтгаанаар осолдсон тохиолдолд даатгалд хамрагдаж, эмчилгээний мөнгөө авдаг болно.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарангэрэл, унаач хүүхдүүдийн хувцасны тухайд “Хамгаалалтын хувцас хэрэглэж байгаа боловч стандартын шаардлага хангаж чадахгүй байна. Энэ жил бид стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас өмссөн хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахаар болсон. Хэрэв бүрэн өмсгөл өмсөөгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй” гэлээ.

Энэ жил дааган насны морьдыг найм, бусад насны морьдыг 10-аас дээш насны 30 мянга орчим хүүхэд унах юм. Иймд Улсын баяр наадмаас гадна аймаг, бүс, сумын наадмуудын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангахад ХТҮГ, Монголын Морин спорт уяачдын холбоо хамтран ажиллахаар тогтжээ.

Б.Санчирмаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш