logo
АНУ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн боллоо

АНУ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн боллоо

2013/06/27
АНУ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Калифорни мужийн Эл Серрито хотноо 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнд Сан Франциско, Оакланд зэрэг Бэй Аэриа орчмын хотууд, Сакраменто, Чикаго, Сиатль, Салт Лэйк, Денвер, Небраска зэрэг манай иргэд олноор оршин суудаг АНУ-ын олон хот, мужуудаас хүрэлцэн ирсэн нийт 23 багийн 200 гаруй тамирчин 35 хүртэлх насны болон 35-аас дээш насны эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн гэсэн 3 төрөлд өрсөлдөн авхаалж самбаагаа сорив.

35 хүртэлх насны залуучуудын төрөлд Бэй Аэриагийн Oak boys, Чикаго хотын “Chicago Falcons” болон “Amerifreight”  багууд I, II, III байрыг, 35-аас дээш насны ахмадуудын төрөлд Чикаго хотын “MGL”, Юта мужийн “Lions”, Бэй Аэриагийн “Tigers” багууд I, II, III байрыг, эмэгтэйчүүдийн төрөлд Лос Анжелес хотын “WLBA”, Валнут Грийк хотын “Хоёулаа хүү”, Аламеда хотын “Ballerinas” багууд I, II, III байрыг тус тус эзэлж, түрүүлсэн багууд аваргын цом, алтан медаль, II, III байр эзэлсэн багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Тэмцээний үеэр зохиогдсон гурван онооны шидэлтийн тэмцээнд 11 тамирчин өрсөлдсөнөөс “Сиатль Соникс” багийн тоглогч Э.Азбаяр 15 шидэлтээс 12 шидэлтээ оруулж түрүүлэв. Залуучуудын тэмцээний шилдэг тоглогчоор “Oak boys” багийн Г.Билэгсайхан, ахмадуудын тэмцээний шилдэг тоглогчоор “MGL” багийн П.Пүрэвсамбуу, эмэгтэйчүүдийн тэмцээний шилдэг тоглогчоор “WLBA” багийн н.Уран нар шалгаран тусгай цомоор шагнуулав.

Түүнчлэн Бэй Аэриа дахь сэтгүүлч Д.Цэрэндоржийн хөтөлдөг “Замдаан” сэтгүүлээс өөрийн нэрэмжит “Өсөх ирээдүйтэй залуу тоглогч”-ийн шагналыг эмэгтэйчүүдээс Бэй Аэриа багийн 14 настай тоглогч А.Энхжил, эрэгтэйчүүдээс Сиатль Соникс багийн 17 настай тоглогч Т.Бодьболор нарт олгов.

АНУ-дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн анх 2000 онд Денвер хотноо зохион байгуулагдсанаас хойш жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн бөгөөд энэ жилийн 13 дахь удаагийн тэмцээн ийнхүү Бэй Ариад хоёр дахь удаагаа амжилттай болов. Энэ удаагийн тэмцээнийг Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр Оакландын Христийн сүм, “Замдаан” сэтгүүл, “Oak boys” баг, “Калифорнийн монголчууд” студи, С.Түвшинтөгс, н.Баяраа зэрэг олон байгууллага, хувь хүний идэвхитэй оролцоо, дэмжлэг туслалцаатайгаар өндөр түвшинд сайн зохион байгуулсныг онцлон дурдах байна.

Тэмцээний үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны хүсэлтээр АНУ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн холбоог хот бүрээс төлөөлөл оролцуулан байгуулах эхний алхам тавигдав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш