Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, Холбооны технологийн төвийн дарга, Цагдаагийн хошууч Д.Даваа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дүүргүүдийн хороодыг холбосон шилэн кабелийн сүлжээний дэд бүтцийг Мэдээлэл, Холбооны технологийн төвийн теле хяналтын камерын хэрэглээнд ашиглах, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа мэдээллийн системүүдийн талаар туршлага солилцох, туслалцаа үзүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах, аж ахуйн нэгж, байгууллагуудын нөхцөлт шаардлагад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, баримтжуулах зорилгоор теле хяналтын камер суурилуулж 7-оос доошгүй хоногийн бичлэг хадгаладаг байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ашиглах хамтран ажиллахыг уг санамж бичигт тусгажээ. Мөн санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт теле хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа теле хяналтын камерын системүүдийг нэгдсэн бодлогоор нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжих төсөл, хийгдэх ажлын талаар харилцан мэдээлэл солилцох юм гэж Нийслэлийн мэдээллийн технологийн газраас мэдээллээ.