logo
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2013/07/05

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-07-04/ үдээс хойшхи хуралдаан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.

Хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн 15 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй тул Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 19 саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Цог, Ц.Цолмон нарын тавьсан асуултад УИХ-ын гишүүн С.Баярцогт тайлбар өгч, зарим асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцээд явах боломжтой гэлээ.

Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн 35 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг гишүүд дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш