logo
Д.Ганхуяг: Хар алтны экспортоос 145 тэрбумыг олно

Д.Ганхуяг: Хар алтны экспортоос 145 тэрбумыг олно

2013/07/05
УИХ-д өргөн барьсан Газрын тосны тухай хуулийн төслийн талаар Уул, уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.

-Газрын тосны тухай хуулийн хэрэгжилт хэр хангалттай байна вэ?

-Газрын тосны тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулиас өмнө буюу 1991 онд батлагдсан. Түүнээс хойш хуульд дорвитой өөрчлөлт ороогүй. Газрын тосны тухай хуульд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд олон бий.

Тиймээс хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгаа. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Өнгөрсөн 5-6 жилд энэ хуулийн төслийг батлуулна гэж байсан ч хэрэгжээгүй өдий хүрсэн.

-Энэ хуулиар манай улс шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж, гаднаас хараат бус байх боломж бүрдэх үү?

 -Газрын тос бол манай улсын ирээдүйтэй чухал салбар. Энэ үед уг төслийг өргөн барьж байгаа нь өндөр ач холбогдолтой. Хуулийн төсөлд талуудын эрх, үүрэг, хариуцлага, тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцаануудыг тодорхой болгосон.

Газрын тос гэсэн ойлголтод байгалийн хий, шингэн, хатуу төлөвт оршиж байгаа нүүрс, ус төрөгчийн нэгдлийн холимогууд ордог. Мөн газрын тосыг уламжлалт ба уламжлалт бус газрын тос гэж ангилдаг.

-Газрын тосны НӨАТ нэмэгдэж байгаа нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

 -Нөөц ашигласны төлбөрийн хувь нь газрын тосонд 15 хувь, уламжлалт газрын тосонд 10 хувиар нэмэгдэж байна. Тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.

Газрын тосны хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлыг нөхөхөөс өмнө 50-аас доошгүй, нөхсөний дараа 60-аас доошгүй хувь байх болно. Ер нь бүх зүйл тодорхой болж байгаа. Энэ хууль батлагдсанаар газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар олон улсын дундаж төвшнөөс дээгүүр хадгалагдана.

-Манай улсын олборлож буй газрын тосны хэмжээ ямар байна вэ. Тоног төхөөрөмжийг нь НӨАТ-аас чөлөөлөөд өгөхөөр олборлолт нэмэгдэх үү?

-Энэ жил газрын тосны олборлолт, экспортын хувьд 608 мянган тонныг олборлож, улсын төсөвт 145.9 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнээс 293 мянган тонн түүхий тосыг олборлож 286 мянган тонныг Хятадад экспортлосон.

Ингээд газрын тосны экспортоос 62.1 тэрбум, бусад орлогоос 2.5 тэрбум нийтдээ 64.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж эхний хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.

-Манай улсын газрын тосны нөөц ямар хэмжээтэй байгаа вэ?

 -Баталгаат нөөцийн хэмжээ 332.6 сая тонн бий. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц 43.2 сая тонн байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр сая орчим тонныг олборлон Хятад улсад экспортлосон байна.  Ашиглалтын баталгаат нөөцийн үлдэгдэл 41.1 сая тонн бий.

-Хуулийн шинэчилсэн найруулгад ямар заалтуудыг онцгойлон тусгасан бэ?

 -Тухайлбал, нөөц ашигласны төлбөрийн хувь, ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хувь, гэрээлэгч компаниуд газрын тосны ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд тодорхой орлого оруулдаг байхаар дээрх хуулийн төсөлд тусгасан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш