Энэ долоо хоногт хэд хэдэн ажлын хэсэг хуралдах тов гарчээ. Үүний нэг нь Монгол Улсын сонгуулийн нэгдсэн /Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэх/ хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Сонгуулиудыг зохион байгуулахтай холбогдсон зохицуулалтыг хуулиар тогтоох нь зүйтэй, тэр нь хоорондоо ижил төстэй байж болох юм гэж бүлгийн гишүүд үзэж байгаа. Гэхдээ энэ ажлын хэсгийн удирдлагаас ямар санал тавих нь одоогоор тодорхойгүй байна.
Улс төрийн намуудын тухай хууль, Намуудын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах үеэр намын бүлгүүд “Хамтарч ярилцаж байгаад төслөө цаасан дээр буулгана. Аль нэг талаас гаргаж ирсэн хуулийн төсөл дээр ярихгүй” гэж тохиролцсон. Энэ байр сууриа ажлын хэсэг хадгалж байгаа гэж бодож байна. Аль нэг тал боловсруулсан хуулийн төслөө тулгавал бид хүлээж авахгүй. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс намын бүлгүүдээс ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр төслөө хамтдаа боловсруулах ёстой” гэж хэллээ. Уг ажлын хэсэгт МАН-ын бүлгээс Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, С.Бямбацогт нар ажиллаж байгаа юм. Мөн УИХ-д сонгогдсоноосоо хойш сонгуулийн хуулиуд дээр ажиллаж байсан туршлагатай Су.Батболд гишүүнийг энэхүү ажлын хэсэгт нэмж оруулах саналаа МАН-ын бүлгээс УИХ-ын даргад тавих ажээ.