logo
Баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө

Баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө

2013/07/09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний их баяр наадмын үеэр авах зохицуулалтын арга хэмжээний тухай” А/648 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвүүдийн зогсоолд автомашинаа байрлуулсан наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг үндсэн хуваарийн дагуу явуулахыг нийслэлийн Тээврийн газарт,
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн үйлчилгээ, морь барианы газруудыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, болзошгүй аюул, ослын үед бэлэн байдалд байхыг нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болголоо.
Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчмын авто зам, зогсоолын зохион байгуулалт, авто замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт,
Үндэсний их баяр наадмын 07 сарын 11-ний орой Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах “Үдшийн цэнгүүн”-ий үеэр нийгмийн хэв журмыг сахиулж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш