Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-ын Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол ХБНГУ хоорондын харилцаа улам бүр өргөжиж буйг дурдаж, цаашид хоёр орны хамтын ажиллагаа улам бүр батжихыг тэмдэглэлээ.
Элчин сайд Герхард Тийдеманн уулзалтын үеэр хэлэхдээ “Би болон миний гэр бүлийн Монголд томилогдон ажиллах хүсэл биелсэнд сэтгэл хангалуун байна. Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2014 онд тохиох бөгөөд бид энэ арга хэмжээний бэлтгэл ажилдаа орсон. Герман-Монголын хамтарсан уул уурхайн дээд сургууль удахгүй нээгдэж, бүртгэлээ эхлэхээр болсныг дуулгахад таатай байна” хэмээв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол Герман улсын харилцаа өргөжин тэлсээр байгаад баяртай байна. Хоёр орны харилцаанд Элчин сайд нар чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Ойрын жилүүдэд бид бүтээн байгуулалтын асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Иймээс энэ тал дээр бид эрчимтэй хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.