logo
БНСУ-ын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзлаа

2013/07/17

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны дарга ноён Ан Хунг Жунг өнөөдөр / 2013.07.16 / хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ан Хунг Жунгийг Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд, тавтай морилохыг хүслээ.

            Ноён Ан Хунг Жунг “Манай улс Монгол Улстай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүх л салбарт хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар манай улсад Монгол Улсаас 30 гаруй мянган иргэд ажиллаж амьдарч байгаа. Бид танай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тал дээр анхаарч байгаа бөгөөд хууль бусаар БНСУ-д нэвтэрсэн хүмүүсийг дахин нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдэх талаар зөвшилцөж байна” гэлээ. Мөн тэрээр, гадны хөрөнгө оруулалтыг дэмжих асуудалд анхаарах хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

  УИХ-ын дарга З.Энхболд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг.  Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал ач холбогдолтой. БНСУ-ын Үндэсний Ассамблейд Монголд элэгтэй, хоёр орны харилцаанд анхааралтай ханддаг гишүүдийн тоо жилээс жилд  нэмэгдэж байгаад баяртай байдаг.  Мөн БНСУ бүс нутаг дахь манай хамгийн ойр түнш орны хувьд Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх, техник технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэлээ.  Мөн  тэрээр,  иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, гадаад оронд оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах нь шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг гэдгийг хэлээд,  БНСУ-ын төр, засгийн зүгээс манай иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар анхаарал тавьж ирсэнд талархал илэрхийлж,  цаашид ч энэхүү халамжийг манай иргэдэд үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг мэдэгдэв. Ноён Ан Хунг Жунгийн энэ удаагийн айлчлал хоёр орны парламент, байнгын хороодын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш