Өнөөдөр буюу 7-р сарын 18-ны энэ өдөр Өмнөд Африкийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Нелсон Мандела 95 нас хүрч байна. Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагаас олон улсын хэмжээнд Нелсон Манделагийн нэрэмжит өдөр болгон зарласан юм. Өнгөрсөн 6 сарын 8-аас хойш биеийн байдал нь муудаж, одоог хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа түүнд дэлхийн өнцөг булан бүрээс төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсээр байна. Өчигдөр түүний охин Винни Мэдикизела-Мандела аавынхаа үйл хэргийг дурсан ярихдаа Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцсэн аавынх нь амьдралын 27 жил шоронд өнгөрсөнд харамсаж явдагаа дурсаж “Энэ хугацаанд бидний амьдралд тохиолдсон хар бараан зүйлийн дэргэд аав минь байсан бол түшигтэй байх байлаа” хэмээжээ. Энэ өдөр Нелсон Манделагийн үйл хэргийг хүндэтгэн дурсаж, НҮБ-ын ерөнхий Асамблейд болох уулзалтанд АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон тэргүүтэй улс төр, урлаг соёлын алдартнууд оролцох юм байна. Мөн Нелсон Мандела амьдралынхаа 67 жилийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг буюу Африкт олон арьстны ардчилал бий болгох үйл хэрэгт зориулсан учир энэ өдөр 67 минутыг бусдад туслах сайн үйлс бүтээхийг хүмүүст уриалсан байна.