“Хүчит шонхор” захын удирдлагуудаас дарамт шахалт их ирдэг, түрээсийн төлбөр хэтэрхий өндөр байдаг талаар түрээслэгчид байнга гомдол гаргадаг билээ. Өнгөрсөн сард ШӨХТГ-аас тус захад шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлжээ. Тиймээс “Хүчит шонхор” ХХК-ийн захирал Т.Сайнхүүд 110 сая төгрөгөөр торгох албан бичиг хүргүүлсэн байна. Ижил хэмжээтэй талбайтай түрээслэгчдээс харилцан адилгүй түрээс авч байсан нь шалгалтаар илэрч зургадугаар сарын 3-нд зөрчлөө арилгахыг сануулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл байдал хэвээр байсан тул ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-ийг үндэслээд 110 саяар торгохоор болжээ.