Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжаар олгосон 2.4 га газар дээр 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тодруулбал, А, Б блокын диафрагм ханатай хэсгийн гадна ханын өрлөгийн ажил хийгдэж байгаагаас А блокны ажил 90 хувьтай, харин Б блок 60 хувьтай байгаа ажээ. 300 ортой төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг “Дархан строй” ХХК, “Марс констракшн” ХХК-ууд хийсэн бол барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пума констракшн” ХХК гүйцэтгэх юм. Шинээр баригдаж буй Нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилга нь үндсэн таван блоктой байх юм байна. А блок нь тэнхлэгээрээ 13,2х33,6м хэмжээтэй, техникийн болон зоорийн давхартай нийт найман давхар байх аж. Б, М, Г блокууд тэнхлэгээрээ 51,6х20м хэмжээтэй, долоон давхар байна. Харин Д блок нь тэнхлэгээрээ 15х21м хэмжээтэй хоёр давхар байхаар төлөвлөгджээ. Үлдсэн Е блок нь тэнхлэгээрээ 21,6х12м хэмжээтэй нэг давхар байна. Мөн хүчилтөрөгчийн дэд станцын Ж блокыг ч барихаар барилгын зураг төсөлд тусгасан байна. Одоогийн байдлаар А, Б, В, Г, Д блокуудын барилга угсралтын ажил батлагдсан зураг төслийн дагуу хийгдэж байгаа бол Е, Ж блокын ажил хараахан эхлээгүй байгаа аж. Барилгын үндсэн хийц төмөр бетон каркасан бүтээцийн угсралтын ажил 4 блок /А, Б, В, Г/ - д дууссан, Д блокын хоёрдугаар давхрын арматурчлал хэв хашмалын ажил хийгджээ. Түүнчлэн гадна ханын өрлөгийн ажил 80 орчим хувьтай явагдаж байна.