Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард сарлаг, хонь ямаа, адууны баярыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тодруулбал, мал маллагаа, нүүдэлчин өв соёлыг сэргээх, гадаад, дотоодын жуулчдад танилцуулах зорилго бүхий эдгээр баярын арга хэмжээг энэ жил ч уламжлал ёсоороо зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн “Монгол эсгийний баяр”-ыг энэ жилээс эхлэн хийж байгаа юм байна. Тус арга хэмжээ энэ сарын 22-ний өдөр буюу өнөөдөр Хужирт сумын “Тээлийн гол” хэмээх газар болох бол энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баярыг зохион байгуулах юм байна. Мөн грүпп жуулчид ирэхтэй холбогдуулан “Хонь, ямааны баяр”-ыг 9 сард Зүүнбаян-Улаан сумын “Ар шанд” гэх газар хийхээр төлөвлөж байгаа ажээ. Дээрх баяруудын хүрээнд ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, уралдуулах, хонь ямаа холбох, саах, хонь хяргах, шагайн наадан зэрэг уламжлалт төрлийн уралдаан, тэмцээн зохиогдож, малын гаралтай бүтээгдэхүүн, гар урлал, модон сийлбэрээр үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг арга хэмжээ болдог юм байна.