Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Анкара хотуудын харилцааг цаашид өргөтгөх, тухайлбал, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах талаар Анкара хотын туршлагыг судлах, хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх тухай ярьж, санал бодлоо илэрхийлэв. Мөн Монгол Улсад зочлохыг урьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгыг ноён Мелих Гөкчек-т гардуулав.
Ноён М.Гөкчек Э.Бат- Үүл даргад баярласнаа илэрхийлж, мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд бололцоотой үед Улаанбаатарт дуртайяа зочилно гэв. Анкара хотын дарга Монгол Улсын нийслэлд өрнөж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар сонирхож, цаашид хоёр нийслэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Анкара хотноо болсон Монгол, Түркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдаан болон Түркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар Анкара хотын захиргаатай хамтран ажиллах, ялангуяа Улаанбаатар хотод орон сууцны хороолол барих тухай ярьж танилцуулав.